Ч.Сайханбилэг, З.Энхболд байтугай бурхан байсан ч "Битгий хуц"

     Даншиг наадам лам нараар давалгаалав. Улс орон, ард түмнийхээ 99 жилийн барцадыг нэг үлээгээд л устгах ямар ч билээ ном айлдаж, шар, улааныг шашин төртэй нь шалихгүй хослуулаад амжлаа. Харин олон нийт тэрхүү 99 жилийн барцадын сүүлийн 25 оны гай түйтгэрийг нь АН үүрэх ёстой хэмээн элэглэж сууна. Түүнээс өмнөх үйлийн лайг МАН хариуцах " Бурхны зарлиг" бас байдаг юм гэсэн. Ийнхүү даншигаар даваа ахисан бөхчүүдэд цол нэмж, хуврагууд хурал ном айлдаад ч тогтдоггүй хүүхэдтэй айл шиг Монголын төр давхар хожил хайсан тоглоомын золиосонд доголон хэвээр үлдэж байна.

     ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ...

   Шийдлийн Засгийн газар шийдвэр хэмээгчийг ширүүхэн гаргадаг гэдгээ харууллаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АН-ын дарга З.Энхболдод гүйцэтгэх засаглалын тэргүүн нь намын дарга байх тухай зүй ёсны шаардлага хүргүүлсэн. Үүнийх нь төлөө түүнийг үнэлэгчдийн тоо эрс нэмэгдэж, өнөөдрийг хүртэл унасан нэр хүнд нь сэргэсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Гэсэн хэдий ч эргээд харах зуур ноён Ч.Сайханбилэг эвгүй нүүдэл хийж, зүс ондоо зургаан сайдынхаа араас унших маанийн зургаан үсгийг Ерөнхийлөгчид хүргүүллээ. Ийнхүү АН болон МАН-ын дунд хийгдсэн Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ наймхан сар наслаад намрын сарыг угтан амь тавив. Эдүгээ их улс төр тойрсон будаалга өрнөж, зургаан яамны сайдын сэнтий зугаатай хошигнол болон хувираад байна. Одоогоор Д.Дорлигжав, С.Баярцогт, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар халуун зунаар гурван давхар дээл хөдөрч,Р. Жигжид, Л.Пүрэвсүрэн нар дагалдав. Эзэнгүйдсэн яамдад ширээ сандал хариуцахаар энүүхэндээ нэр заагдсан дээрх сайдууд "Гурван эхнэртэй байхаас хэд дахин зовлонтой" хэмээн өөр зуураа сэм сэмхэн ялархаж буй бол зарим нэг нь энэхүү гурвалсан тохиолдлыг "Гурван эхнэртэй байхаас илүү жаргалтай" гэж орчуулж ойлгоод эхэлжээ.

    У.ХҮРЭЛСҮХ ЭД ХОГШЛОО ТЭВРЭЭД...

    Шадар сайд У.Хүрэлсүх ажлын өрөөгөө зураг хөрөг, зурмал бурхан энэ тэрээр тусгайлан хөрөнгө заран тохижуулж дууссанаас ердөө долоо хоногийн дараа огцрох шийдвэр гарлаа. Эдүгээ мань эр эд хогшлоо тэврээд гэртээ харих уу, гэгээ татсан Цагаан ордондоо очих уу гэдгээ шийдэж ядан шилэрч явна. У.Хүрэлсүхдээ учир нь байгаа юм биш. Итгэл гэдэг юм ийм амархан нурж болдгийг ард түмэн өдгөө шүүн хэлэлцэж, шүүрдэн гайхаж сууна. Залхаж төвөгшөөсөн хандлага ч илэрхий нэмэгдлээ. Тиймдээ ч нийгмийн сүлжээ хорон үг, хоржоонтой ёгтлолоор дүүрч, Шийдлийн Засгийн газар үнэн хэрэгтээ байхгүй болчихлоо. УИХ-ын ээлжит сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдээд байхад, парламентад хамгийн олон суудалтай хоёр нам хамтран ажиллах гэрээ байгуулаад ердөө наймхан сар өнгөрөөд байхад ийнхүү "төр эргэсний" учрыг түмэн олон өөр өөрийн эх сурвалжаар, өөр өөр өнцгөөс тайлбарлан зовних боллоо. Парламентийн засаглалыг муухай харагдуулах гэсэн хэн нэгний оролдлого ийм байдалд хүргэлээ гэж үзэх хүн ч цөөнгүй байгаа юм.

   "ГОЛОГДСОН ХҮҮХНҮҮДЭЭ" ЯАХ ВЭ?

   МАН, МАХН хэмээх хоршоо дуудлагатай, холбоо нэртэй хоёр нам бий. Хонь, чоно мэт хоорондоо дайсагнах болсон эл намуудын дунд АН хожоо харан шиншилсээр удлаа. Цахилдаг хөхөрч амжаагүй байхад цаг эргэдэг болсон өнөө үед Н.Энхбаяр, Х.Баттулга хоёр тэврэлдэх ч энүүхэнд бололтой. Ямартай ч МАХН бол АН-ын түрүүчийн "гологдсон хүүхэн". Харин МАН бол сүүлчийн "гологдсон хүүхэн". Хоёр ч сүйн бөгжний ард гарч, МАН-ыг хаян, эргээд МАХН-тай тэврэлдэхээр өврөө дэлгэж буй АН-аас эл намыг атгаж буй эрхмүүдийн хувийн тоглолт, хувийн бизнес, хувийн зөрчил үнэртэж буй нь нууц биш. Эндээс улс төр гэдэг урваж шарвахын нэр, улстөрч болно гэдэг урваж сурахын нэр болж, төрийн төвшинд сэтгэлгээний болон, ёс зүйн хямрал газар авсан нь харагдана. АН, МАХН хоёр хамтран МАН-ыг улс төрөөс арчих гэж байна гэсэн таамаглал чих дэлсэх болов. Арчаад, арчуулаад "нүгэл цайна" ч гэж юу байхав. 2016 оны сонгуулийн өмнөхөн АН дахин МАХН-аас нүүр буруулахгүй гэсэн баталгаа байхгүй гэдгийг бид энэ үйл явдлаас харж байгаа нь л одоохондоо үнэн аж. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль болон Өршөөлийн хууль энүүхэндээ гэхэд тэдний салахгүй гэсэн баталгаа гэж ойлгогдохоор байгаа нь нууц биш. МАН,МАХН хоёрын дунд ийнхүү илжиг болон жороолсноороо АН юу хожих вэ? Алдуурсан нэр хүнд, алдагдаад удсан ард түмний итгэл эргэн ирэхгүй нь тодорхой.

   ХОЁР ЭНХБОЛДЫН ХУЙВАЛДААН ГЭВ ҮҮ?

   Ийнхүү хардаж буй улс бий. Өрсөлдөгч намууд өвөр түрийдээ жаргаж, гар гараасаа хөтлөлцчихөөд галзуу өрсөлдөөнд орж сонгуульдана ч гэж юу байхав. Тиймээс Ромьео, Жульетта хоёр хагацаж, 2012 оны салалтаа дахин давтаж байгааг үгүйсгэх аргагүй. Н.Алтанхуяг, С.Батболд нарын дурлалын паянг М.Энхболд, З. Энхболд нар арай хурц хувилбараар давтан шоудаж болохыг хэвлэлийнхэн сануулсаар ирсэн. Энэ талаар улс төрийн хүрээнийхэн голдуу учирлаж сонсогдсон. Сүүлийн үед хоёр Энхболд салж хагацахаа больсон гэсэн мэдээлэл байдаг. Ямартаа МАН-ын даргыг З.Энхболд хавсран хаших боллоо гэсэн шүүмжлэлийг Ц.Нямдоржоос эхлээд хэлж байхав. Ийм тохиолдолд өнөөдрөөс эхлээд сөрөг хүчний байр сууринд шилжиж буй МАН, гүйцэтгэх засаглалд ноён сууж үлдсэн АН хоёрын тоглолт хавсарсан байдлаар үргэлжилнэ гэсэн үг. Ил тэврэлдэхээ болиод, далд дурлалцана гэж орчуулж болно. Тэдний нууцхан хайр АН болон МАН-ын аль алиных нь нэр хүндийг өсгөхөд чиглэж, улс төрийн бусад хүчнүүдийг үгүйсгэхэд хүч хаях нь дамжиггүй. Тэр тусмаа сүүлийн үед нэр хүнд нь илэрхий өсч буй бие даагчдыг хагалан бутаргаж, шинэ нам байгуулах санаархлыг нь сайдын суудлаар нам цохих эхний нүүдэл энэ биз ээ.

   АН-аас ҮНЭРТЭЖ БУЙ МӨНГӨ...

   Хамтрагчаа хулхидаж, хаяагаа хадрах эрс шийдвэр гаргасан нь АН-ыг ингэж хардахад хүргэж буй юм. Хятад, Араб, Японоос орж ирэх их хэмжээний мөнгөн зээлд дулдуйдан АН сонгуулийн өмнөхөн улс орноо хямралаас суга татан гаргасан аврагчийн дүрд ганцаарчлан тоглохоор шулуудсан гэх хардлагыг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Мөнгөний үнэр авсан АН мэдээж үүнийгээ МАН-тай хуваахыг хүсэхгүй. Аврагч хэмээх алдар нэрийг ч бас хуваалцахгүй. Харин түүний оронд хүчтэй өрсөлдөгч байж чадахгүй жижиг жараахайнуудтай хамтарсан нэр зүүж, гол дүрийг өөртөө үлдээх нь ашигтай. Нөгөө талаар АН сонгуулийн өмнө Америкаас их хэмжээний мөнгөн санхүүжилт авах магадлалтай хэмээн хардаж буй МАН-ын таамаглалыг ч бас дурдах нь зөв биз. Хэрэв байдал иймдээ тулсан бол Монголын улс төрийн энэхүү ээдрээтэй хувирлын цаана Америк, Хятад, Орос гэсэн их гүрнүүдийн том тоглолт өрнөж байж болох талтай. Ялангуяа Бээжин дэлхийн улс төрд " жин дарж", Оросын зүгээс Америкийн "жандарм" санаархлын эсрэг бүсээ чангалаад байгаа энэ цаг үед Европ, Азийн уулзварт нөлөөгөө нэмэгдүүлэхийн тулд Монголыг эл бүс нутаг дахь Нэгдсэн улсын нэг буудал болгон ашиглахыг үгүйсгэмгүй. Хятадаас санхүүждэг гэх МАН Монголын парламентын сонгуульд ялах нь яаж ч бодсон Америкт халгаатай сонголт байх юм.

   АЛТАН ШААХАЙТНУУДЫН ЗОДООН...

   Манай УИХ-ын дарга алтан сэнтийтэй. Алтан шаахай, бас алтан алхтай. Хэн нэгэн түшээгийн үгийг бүдүүлгээр дайран тасалж, " Хэлж байгаа наад үг чинь надад таалагдахгүй байна" хэмээн алтан дарамт учруулж, алтан алхаа тасхийтэл буулгадаг болоод удсан. Парламентийн засаглалын хамгийн том сул талыг ашиглан, эрх баригч намын даргын албыг УИХ-ын даргатай хослуулан хашиж, урьд байгаагүй өндөр эрх мэдэлд хүрээд буй З.Энхболд нам нэгт нөхөд болон сэтгүүлзүйн хүрээнийхэнд " Муу хүнд эрх мэдэл өгвөл мухар нүхэнд унадаг" гэх ухаант үгийн учрыг бүрэн утгаар нь таниулж буй амьд жишээ билээ. Өдгөө түүний хэт өндрөөс хэт хурдтай унахыг хүлээж буй хүн олон. Харамсалтай нь АН-д энэ мэтийн эрээгүй эрх мэдэлтнийг замын хажуу руу шахах лидер байтугай лойдор ч алга. Ч.Сайханбилэг титэмгүй хаан, ташуургүй адуучин, тамгагүй төр гэдэг нь тодорхой болсон. Ц.Элбэгдоржид улс төрийн тоглолт хийх орон зай үндсэндээ үлдээгүй. Н.Алтанхуяг алдагдсан боломж болж ард үлдсэн. Магадгүй энэ удаагийн "төрийн эргэлт" АН-ын толгой улстөрчдийн толхилцооны үр дүн ч байж болох. АН 2012 оноос хойш баруун хөлөөрөө зүүн хөлөө дэгээдэж унагасаар, улигт урьдын алдаагаа давтсаар буй нь энэ нам төлөвшиж чадаагүйг харуулж байгааг энд зориуд дурдъя.

   ЖИЖИГ ХААДЫН ҮЕИЙН ЖИЖИГ НЭР ДЭВШИГЧИД....

   Өдгөө цагт жижиг хаадын тулаан хэвлэлээр өрнөдөг болсон. АН-ыг өмгөөлсөн, МАН-ыг хамгаалсан далдагануур мэдээллүүд ар араасаа "дотор муухайртал" довтолгож байна. Саяхан хөөгдөөд гарсан МАХН, түрүүхэн үүднээс адлагдсан ИЗНН, эх оронч үзэл ярьсаар сонгогчдын хайрыг хүлээсэн бие даагчид гээд байж болох бүхий л нэрс зургаан сайдын зуйрган суудалд яригдах болов. Юун Ч.Улаан, Д.Арвин, Д.Тэрбишдавга, Л.Даваасүрэн, ёстой бурхан өөрөө ирээд энэ эргэж буцсан, элдэвлэж элэглэсэн үйл явдалд мутар сунган оролцож, аль нэгэн яаманд сайдаар суугаад ч элэг доог болохоос хэтрэхгүй эмгэнэлт нөхцөл байдал нэгэнт үүсчихлээ. Жижиг хаадын үед нэр дэвшигчид ч жижгэрч, улс орон ч жижгэрч, төрийн сэнтий ч жижгэрч, Б.Галсансүхийн шүлэглэснээр бурхан ч "Битгий хуц" болдог ажээ...Өдгөө тоглолт шударгаар өрнөвөл МАН парламентыг цагаас нь өмнө тараахаас ч буцахгүй болов. Магадгүй энэ нь Монголын улс төрд зүй ёсоор ирэх учиртай өөрчлөлт, шилжилт ч байж болох юм.

   Эмүжин