Эрчим хүчний салбарынханд, эрхэм сайд Д.Зоригт танаа илгээх нь...

                       /Иргэний ил захидал/

    Та бүхний амар мэндийг “хүн шиг амьдарч, улс шиг хөгжиж байгаагаа” мэдээллийн хэрэгслээр “мэдрэгч” нэгэн иргэн эрж байна. Гэхдээ та бүхэн яг өдийд бидний амар тайван байх цагаар огт амардаггүй, ажил амьдрал, дулаан цахилгаан ид хэрэглэгдэх цагаар шинэ “гэнэтийн бэлэг” барихаар зүдэн зүтгэн суудгийг эс мэдэх биш. Ер нь шийдэл, шийдвэрээ, хууль, дүрмээ ийн “хулгайн” замаар хийдгээ хэзээ болих вэ. Түмэн олон тэнэг бус, толгой тархи нь ой санамжгүй биш шүү дээ. Битүүрсээр битүүрсээр задарвал бэрх зүйл болж мэдэх биш үү. Айл өрхүүдийн эрчим хүчний суурь хураамжийг хоёр дахин нэмж, аж ахуйн нэгжийн хэрэглээний цахилгааны тарифт өөрчлөлт оруулах шийдвэрээ Эрчим хүчний зохицуулах хороо туйлын "баяртайгаар" өнөөх л хэлдэг улиг болсон хэдэн шалтагаа тоочин мэдэгдлээ. ОХУ-аас авдаг цахилгааны үнэ нэмэгдсэн, эрчим хүчээ хямд үнээр борлуулж алдагдал хүлээдэг гэх "жижүүр"-ийн шалтаг шалтгаан жилийн жилд өдийд сэргэж, "хулгайн" аргаар, амралт зугаалга эхэлсэн "ар хударга"-аар ийн үнэ өсгөдөг нь "цэнхэр” жилүүдэд зуршил боллоо. Өдий олон жил яриад тооцоод, нэмээд байхад яагаад улам өсөөд байдаг алдагдал вэ? Бидний халааснаас гарсан өмнөх жилийн нэмэгдлийн өртөг хаашаа шингэчихээд байна вэ? Хэлж ярьж байгаа энэ хэдэн нүүр нь яасан ч улайдаггүй "арьс" вэ? Элс рүү ус хийсэн мэт үр дүнгүй, улам нэмэгддэг алдагдлыг нөхөхийн төлөө ард иргэд ачаа нэмж үүрэх ёстой эсэхдээ одоо эргэлзэж байна. Бухимдаж байна. Өмнөх жилүүдийн нэмэгдэл, дэлхийн өөр хаана ч байдаггүй “суурь хураамж” гэгчийнхээ үр дүнг тайлагнах тухай яагаад ядаж бодохгүй байна вэ? Урин дулааны цагаар хүртэл дулааны суурь хураамж өгч, халуун усны төлбөрөөсөө гадуур ус халаасны мөнгө төлж суугаа иргэд бид та бүхнээс тайлбар шаардах, тайлан авах бүрэн эрхтэй. Та бүхний албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дулаан, цахилгааны тарифаар “оролдох” сургаар цайны газрууд бэлтгэгч, цэвэрлэгчээ, аж ахуйн нэгжүүд харуул, жижүүрээ цөөлөх шийдэлд хүрч байна. Үнэндээ амьдралаа арай гэж авч яваа хэсгийнхэн ахиад л өсөлтийн золиос, хэмнэлтийн ширвээдэс болох нь дэндүү тодорхой боллоо. Гэтэл та бүхэн аж ахуйн нэгж, албан байгууллагын тарифийн өөрчлөлт иргэдийн амьжиргаанд нөлөөлөхгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ? Эрхэмүүд бодит амьдралын хаана явна аа? Одоо цахилгаан, дулаан хэрэглэж бүтээгддэг бүхий л бараа бүтээгдэхүүн, хэрэглээний үнэ өсөх нь даанч тодорхой биш үү? Хямрал хүндрэл дээр ийм “бэлэг” барьчихаад “хүн шиг амьдруулах” мөрийн хөтөлбөр биелж байгаа тухай “донгодох” нь доромжлол мэт санагдаад байна. “Муу муудаа, муна гадсандаа эрэлхүү” гэж. Чаддаг, бардагаараа олон газар цэвэрлэгч, үйлчлэгч, жижүүр манаач, жирэмсэн болон хүүхэдтэй эхчүүдээсээ ил болон далд арга хэрэглэж салахаар эрс шийдээд, түрүүчээсээ хэрэгжүүлж эхэллээ. Үнээ нэмье гээд худалдан авалт буурсан, үйлдвэрээ өргөжүүлье гээд зах зээл хумигдсан өнөө цагт ажил олгогчдыг буруутгах арга үнэхээр алга. Магадгүй одоо тэдгээр ажилгүй бологсдын ихэнх нь хогийн цэг рүү "алхаад марш" болно. Хөөрхийсийн хүний амьдралыг ийн булааж байж "хүн шиг амьдруулна" гэх нь тавлаад байна уу, тоглоод байна уу?

     Одоо харин хэдэн асуулт байна.

1. Эрчим хүчний салбарынхан, яам, зохицуулах хороо дотооддоо ямар хэмнэлт хийв? Өөрчлөлтийг, хэмнэлтийг өөрөөсөө эхлүүлэх ёстой биш үү? Үргүй зардлаа, илүү хэрэглээгээ хэрхэн танав? Хичнээн дарга "жип" машинаасаа, шатахууны зардлаасаа, "тансаг" хангамжаасаа татгалзав? Өөрсдөө "цоорхой" байж өрөөлөөс "дүүргэнэ" гэдэг "андуу" бодол "алдуураад" яваа юм биш үү? Яагаад шалтаг тоочин үнэ нэмэхийн өмнө ийм тайлангаа албан ёсоор тавихгүй байна вэ?

2. ОХУ-аас авч байгаа цахилгаан эрчим хүчээ багасгахын тулд юу хийв ээ эрхэм Зоригт сайд аа. Сэргээгдэх эрчим хүчээ яаж ашиглаж байна? Дулааны цахилгаан станц нэмж барих талаар юу хийв ээ? Эрчим хүчний хомсдолтой, гаднаас авдаг гэх атлаа Хөвсгөл мэтийн зарим аймгуудад зөвхөн дулааны станц ашиглалтад оруулж асар их эрчим хүчний нөөц боломж хий шатааж байгаагаа юу гэж тайлбарлах вэ? Бодлогийн түвшинд болон "хөрсөн дээр" ямар ажил, ямар бүтээн байгуулалт бий болчихов оо? Хариулаач, харуулаач ээ.

3. Жилийн жилд аудитын шалгалтаар илэрч байгаа эрчим хүчний салбарын санхүүгийн тэрбум тэрбумын зөрчилд ямар арга хэмжээ авав аа? Олны хөрөнгөнөөс хулгайлж, цахилгаан, эрчим хүчний шинэ станц элбэгхэн барьчих хөрөнгө "хумслаад" байгаа дарга нар яагаад "мест"-эн дээрээ "томорч", "мэлмий бүтэн" мэлтэрч байна вэ? Зарим нь бүр төрийн дээд одон медалиар шагнуулаад ч байх шиг. 40 саяын автобусыг 100 саяар авдаг, цахилгаан, дулааны станцын хөрөнгийг өөрийн юм шиг зарцуулдаг тэрбум гаруй төгрөгийн санхүүгийн “идээ, бээртэй” "сайчууд" алдагдал яриад бүлтийхээр арслан туулайн чих зүүчихсан юм шиг арай дэндүү харагдаад байна.

   Эгэл иргэд бидний энэ хэдэн асуултад хариулж, эрхэм дарга нар, сайд минь санаа амрааж, сэтгэл уужруулж өгнө үү. Учир нь мэдэгддэг, бүгдээрээ чин сэтгэлээсээ зүтгэдэг бол улсынхаа ачаанаас үүрэлцэж, урагшилахад нь дэм болох сэтгэл бүхий олонд байгаа. Харин яасан нь тодорхойгүй, ярьдаг нь алдагдал, мэдэгддэг нь хулгай, худал байвал... Тэсэвч тэсрэх өдөр ирэх гээд байна. Уужуу тайван, ухаантай тавиун гэхээрээ дурын нөхөр дуртайгаа ярьж дээрэлхэж байдаг тэнэгүүд биш шүү бас Монголчууд...

           Иргэн А.Наранболд