О.Эрдэнэжаргал: -"Ардчилал нь үндэсний лидер жолоодогчийг илрүүлэн өргөн дэвшүүлэх механизм биш юм бол тэгсгээд хог дээр хаягдах биз"

     “Их нүүдэлчдийн соёл” ТББ-ийн тэргүүн, сэтгүүлч О.Эрдэнэжаргалтай ярилцлаа

   - Таныг ардчиллын тухай ном бичиж байна гэж сонсоод, Ардчиллын талаарх таны үзэл санааг сонсоё гэж бодлоо. Ингэхэд ардчилал зах зээл гэдэг маань юуг хэлээд байна вэ? Энэ сонгосон зам маань Монголчуудад нэг л наалдаж өгөхгүй болоод дээр доргүй мунгинаад байна уу даа?

   - Бид 1992 оны үндсэн хуулиараа капиталист нийгмийг сонгочихсон шүү дээ. Ардчилал, зах зээл гэдэг маань үнэн чанартаа капитализмын гоёчилсон л нэр юм. Тодотгож хэлбэл нүүр нүд, хуруу хумсаа будсан л хэлбэр шүү дээ.

   - Сая МҮОНТВ-ээр гарсан ардчилалын тухай баримтат киног үзлээ. Баабар ярьж байна: Горбачёв өөрчлөх ёстой л гээд байсан. Өөрчилсний дараа яах ёстойгоо бас мэдэхгүй байсан ухааны юм ярьж байна лээ?

   - Тэр ор үндэсгүй гөрдлөг ч бас биш. Хэрэв зөвлөлтөд өөрчлөн байгуулалт болоогүй, социализм донслоогүй бол, Монголд ардчилсан хувьсгал болох эсэх нь бас таамагтай байсан гэдгийг л Баабар хэлээд байгаа нь үнэн юм. Горбачёвын өөрчлөн байгуулалт гарч ирсэн тэр үйл явц нь ардчилсан хувьсгал болоод дэлхий нийт өөрчлөгдөж, Монголд ардчилсан хувьсгал өрнөсөн түүхтэй.

   - Ардчилсан тогтолцоо маань болоод ч байгаа юм шиг, болохгүй ч байгаа юм шиг бүр төөрөлдөж гүйцлээ? Бид чинь хөгжиж дэвшээд ч байгаа юм шиг үгүй ч юм шиг. Энэ ардчилал гээч юм чинь ямар юманд хүргэчих вээ?

   - Ардчиллыг сонгосны сайн мууг бишээ, хүний сайн муу үйлдлийг ярих болчихож. Ардчилсан тогтолцоог үг хэл төдий хомрогчлон ашиглагчдын хийж байгаа үйлдэл үндэсний аюулгүй байдал төдийгүй нийгэм болоод хүмүүсийн ахуй оршихуйд ч ноцтой асуудал үүсгээд байна.

   - Тэгээд ямар хүмүүс Ардчиллыг үг хэлийн төдий хомрогчлон ашиглаад байна вэ?

   - Цус хольцтой, зүрх муу, зориг мохоо, шөрмөс сул, хоншоор нахиу, ухаан мунхаг, санаа саармаг, сэтгэл харь хүмүүс ард түмэн, улс орноор минь тоглоод байгаа юм биш биз гэж бодогдох юм.

   - Шинэ тогтолцооны Монголын улс төр, нийгмийн байдлыг та тоймлоод хэлбэл юу харагдаж байна?

   - Юу гэмээр юм дээ. Шинэ тогтолцоот нийгэмд шилжсэнээс хойшхи Монгол улс маань дээр дооргүй гуйлга түүлгийн орон болчихсон юм биш үү. Тэгээд бас болоогүй баян ядуугаараа, том жижиг пүүсээрээ, захчин, харчин, торгуудаараа ялгарч булганасан, улс төр гэдэг бизнесээрээ туйлшран өрсөлдөж харгалдсан, улс төрчид нь, улс орны удирдлага нь болохоор намынхаа доторхи хэд гурван тойрон хүрээлэгчид төдий улаан цагаан солиотнууд, жалга довныхон, бизнес түншүүд, хувийнхаа хаусаас цаашхи Монголыг олж харах сонирхол ч үгүй, чадвар ч үгүй ийм нөхцөл байдал ноёрхож байна даа. Энэ ганцхан маньд ч биш ард нийтэд ийм дүр зураг харагдаж байгаа учраас яах ийх тухай хэн хүнгүй санаа зовж эхэллээ.

   - Уг нь энэ ардчилсан хувьсгалыг залуучууд хийсэн. Ард олон тэр үед юунд найдаж байсан юм бэ?

   - Тиймээ залуучууд хийсэн, бүх нийтээрээ дэмжсэн. 1984 оноос гучин жилийн өмнө социализм энэ байдлаараа явцгүй юмаа гээд цуураад сууж байсан тэр үеийн залуу сэхээтэн Лоохууз, Нямбуутан байна. Тэр үеийн нийгмийн сэтгэлгээний явцуу боловч тодорхой хөрс дэвсгэр дээр ардчилал гарч ирснийг одоо мэдэх хүмүүс нь мартжээ. Ард түмэн юунд найдаж байсан гэхээр бүх нийтийн боловсролд найдаж байсан. Гэтэл ийм л юм болчихлоо.

   - Энэ ардчиллаас ямар дэглэмүүд гарах бол?

    - Юуны түрүүнд, улс төр, үзэл суртлаа зах зээлжүүлэх Барууны бодлого манайд ороод ирлээ. Манай дээдсүүд гадаад л гэвэл хар, шар өгзөг долоох зуршилтай болчихож. Хамгийн хялбархан олдоцтой нийтлэг брэнд бараа гэвэл гадны улс төр, үзэл суртал болоод байна. Брэнд нэртэй хуурамч нүүрний тос, уруулын будаг гэхэд маш үнэтэй байтал, ардчилал гэхэд арабын орнуудад хүртэл зах зээлжиж байгаа мөртлөө, энэ ардчилалаас чухам ямар дэглэмүүд урган гарахыг хэн ч тааж мэдэхгүй байна. Манай ардчилалаас одоогоор авлига-арилжааны феодализм л биеллээ олж явна даа.

    - Ардчиллын лидерүүд төгс ардчиллыг бий болгоно гээд байгаа ш дээ?

   - Цусгүй алах нөхдүүд биш үү. Төгс байдаггүй, байж болдоггүй юмыг ардчилал гэдэг байхгүй юу. Учир нь ардчилал нь зөвхөн үйл явц байдаг. Яагаад гэвэл нийгэмд хэзээ ч гүйцэж төгссөн үр дүн байдаггүй. Монголд ардчиллын ямар нэг наанатай, цаанатай үйл явц л явагдаж байна.

   - Тэгвэл энэ үйл явцын үр нөлөөгөөр ямар өөрчлөлт гарах вэ?

   - Энэ үйл явцын үр нөлөөгөөр сайнаар бодвол шинжлэх ухааны аугаа нээлттэй ч учирч болно. Улмаар үндэсний Сэргэн мандал ч тохиолдож болно. Ардчилсан үйл явцыг ингэж ойлгохгүйгээр ардчилал маань утга учиргүй агуулга зорилгогүй болчихоод байна. Муугаар хэлбэл хоёр толгойгоо мөлжүүлэх нь ойлгомжтой болсныг үзэхэд, одоохондоо монголд амьдаараа өвчүүлэх арьс хөрс ч байна, ясаа гартал шулуулах мах шөл ч байна. Харин эцэст нь нохой долоох ч юмгүй араг яс үлдэх вий.

   - Монголын төрд байгаа хүмүүс ашиг сонирхолд хуваагдлаа. Үүгээр нь гадны улс төр ороод ирлээ. Ардчилалаа аварч, улсаа хөгжүүлэх төрийн бодлого жанжин шугам нь хаана явна вэ?

   - Яах ёстой юм гэхээр “Ард түмэндээ хайртай нам”, “фракцгүй ардчиллын төлөө” энэ тэр гэсэн шоуны цаана, ард түмний эрх ашигт нийцсэн ямар зорилго хөтөлбөр дэвшүүлж байгаа нь бас сонин. Энэ дэлхий дээр оршин буй үндэстнүүд, төр улсуудад хуваагдсан байна. Тэр төр улсууд нь тус тусын том жижиг ашиг сонирхолтой нь мэдээж. Энэ үүднээс үндэсний үзэл гэдэг хүчин зүйл зайлшгүй босж ирнэ. Жишээ нь Монгол Улс оршин тогтнож буй нь эцэстээ дан ганц монголын үндэсний үзлийн үр дүн шүү дээ. Цаашид тусгаар тогтнон орших, хөгжин дэвших хүсэл эрмэлзлэл байгаа л юм бол үндэсний үзлийг улам бүр тэтгэн дэвжүүлэхээс өөр замгүй. Тийм учраас Монголын улс төр, төрийн бодлогын жанжин шугам нь үндэсний үзэл, зорилго байх ёстой гэж судлаачид хэлээд байна шүү.

   - Одоо бидэнд тэгвэл ер бусын нэг хувьсгал хийх хэрэгтэй байна гэж хэлэх гээд байна уу даа та?

   - Ардчиллын буянаар Монгол маань хувьсгалжих шалтгаан нөхцөл сайн, муу аль ч талаасаа бүрдлээ. Сайн талаас нь ярьж эхэлж байна. Та бид хоёр ч бас сайн талаас нь чадан ядан хэлэлцээд сууж байна. Тэгэхээр Ч.Эрдэнэ, Л.Бямбасүрэн тэргүүдтэй судлаач, академичдын хэлээд байгаагаар зорилго маань тов тодорхой юм биш үү. Юу гэвэл ардчилал маань үр дүнтэй ялалт гэж үзэж байгаа юм бол цаашаа үндэсний бахархалын үүднээс яах ёстой юм. Тэгэхээр бид энэ ялсан ялалтаа баталгаажуулахын тулд өөрийн гэсэн үндэсний дэвшилд хүрэх ёстой гэж юм мэддэг улсууд хэлээд байна. Тэр үндэсний дэвшил нь, үндэсний сэргэн мандал байх ёстой юм байна. Тэгэхгүй бол ардчиллаар, тэр тусмаа өнөөгийн манай ялзарсан либераль ардчиллаар ер үлийгээ хийх юм. Тэгэхээр бид цаашид тусгаар тогтнон орших, хөгжин дэвших хүсэл эрмэлзлэл байгаа юм бол үндэсний үзлийг улам бүр тэтгэн дэвжүүлэхээс өөр замгүй гэдэг нь илт болоод байна.

   - Үндэсний үзэл санааны эрэл хэр идэвхижиж байх шиг байна?

   - Илт идэвхижиж байна. Спорт дээр гэхэд л, үндэсний үзэлгүйгээр олимпын аварга төрдөггүй гэдэг хууль байна. Түвшинбаярын ялалтын дараа төв талбай дээр хэл, хөлөө олохгүй гурван согтуу толгой найгаад гараад ирснийг хүмүүс санаж байгаа байх. Ялалт гэдэг тэр гурвыг хүртэл үндэсэрхэг болгодог байна шүү. Хэвлэл мэдээллээр харж байхад, залуу үеийн дунд үндэсний үзэл санаа, суртал номлолын тодорхой томъёоллын төлөө эрмэлзлэл бий болсон нь ажиглагдаж байна. Сонгуулиар заримууд үндэсний үзэл санааг боловсруулж, монгол хүн бүрийн хүртээл болгоно гэх мэт амлалт өгсөн л байсан. Яахав, хулхи улс төрчдийн худлаа нь тодорхой, хуурмаг нь илэрхий амлалтын л нэг. Үндэсний үзэл санааг тоймлоход заавал улс төр түшиж, нам байгуулж, хор найруулах хэрэггүй. Боловсруулж чадваас нэг судлаач, нэг нийтлэлчийн хийчих ажил. Чухам энэ үүднээс хийчихсэн нь судлаач Ч.Эрдэнийн “Их гурвалжин” 1997 онд хэвлэгдснээс хойш үүргээ гүйцэтгээд явж байна. Удаах нь “Бид ялав” ном байна. Энэ ном бол үндэсний үзлийн ориг эх сурвалж болсон “Нууц товчоо”-ны дараа орох “Ил товчоо” юм. Үүнийг ч уншигчид ихэд анзаарснаар сүүлийн үед нийгмийн сэтгэл зүй үндэсний үзэгдэл тийш нилээд эргэж байна. Та бидний яриа ч дур зоргоороо бураагүй энэ онол номлолын дагуу л яригдаж байгаа юм шүү. Мөдхөн “Чинад нууцын Монгол орон” гэдэг ном нь хэвлэлтэд шилжихэд бэлэн болсон.

   - Үндэсний үзлийн найдвартай ар тал нь төр засаг байх ёстой биз?

   - Манай төр найдвартай ар тал байх ёстой. Гэтэл шинэ тогтолцооны 25 жилийн төр засгийн төрх төлөв, байр сууриас харахад тун найдваргүй ар тал болчихоод байгааг орой болгон, хэвлэл мэдээллээс үзэж харж байна. Манай хамгийн бахархалтай найдвартай яваа их спортыг харъя. Жишээ нь Түвшинбаяр өмсдөг хонгоддог. Бөхийн барилдааны сонгодог мэхнүүд л дээ. Гэтэл Түвшинбаярын ялалтын дараа эдгээр мэхийг жюдо бөхийн дүрмээр хориглочихсон. Монголчууд өмсөж, хонгодсоор түрүүлээд байхыг хааж хорьж байна. Долгор зааны сахилаггүй банди Ёкозуна Асашёорю сумо бөхийн үнэмлэхүй дээд амжилт тогтоох нь тов тодорхой болсон үед, түүнийг гуанзны эзэн гэл үү нэг хятадаар өдөөн хатгуулж шалтаг гаргаад хөөчихсөн. Тэгнэ байх гэдгийг та бид тааж л суусан. Тэгвэл жюдо бөхөөс сонгодог мэхнүүдыг хасуулахгүй байх нэр нөлөө одоогоор Монгол Улсад алга байна. Асашёрюгийн хувьд манай ГХЯ зориуд мэдэгдэл гаргахдаа. Асашёрюгаар боодог хийнэ үү, шорлог хийнэ үү, япончуудын дурын хэрэг гэсэн утгатай л юм байсан. Дээрхээс үзвэл монголчууд аливаа өрсөлдөөний талбарт ялж чадах нөөцтэй байтал, түүнд монгол улс найдвартай ар тал болж чадахгүй байна шүү дээ.

   - Саяхан”цензургүй яриа” нэвтрүүлэгт Э.Бат-Үүл баатар үндэсний үзэл бол хувь хүний үзэл бодол гэх шүү юм хэлж байна лээ?

   - Ингэж ярих нь бас аргагүй л байхаа. Үндэсний үзэл байж болохгүй, чадахгүй орчин нөхцөлд хүмүүжсэн одоогийн ахмад ба дунд үеийн хүмүүс байна. Тэр дунд үеийн хүмүүсийн нэгэнд Үүл баатар, бид хоёр багтчихаж байгаа юм. Энэ болзолт рефлекс шинэ тогтолцооны залуу үед нэлээд тунгаар халдварласан. Яагаад гэвэл манай үзэл санааны ерөнхий уур амьсгалд нэг гадаад нөлөөлөл нөгөө гадаад нөлөөллөөр солигдоод яваад байна. Ингэж солигдсонд нааштай цааштай, сайнтай муутай өөрчлөлт явагдаж байна. Гэхдээ л энэ чинь учир зүйтэй харийн үзэгдэл. Монголд учирсан буддист, социалист, капиталист дэвшлүүд нь, манж, орос, америк үндэслэл. Энэ харийн үндэслэлд хар цагаан санаа зорилгууд холилдож хутгалдаж явахаас өөрцгүй. Энэ холион бантанд монголчууд бид самуурч төөрөлдөөд байна. Шашны ном, ардын ардчилал, хөрөнгөтний ардчиллаа хэрхэн хичээж базаан, өрнүүлж, хөгжүүлж байгаагаа Манж, Орос, Амеркт илтгэж суух нь тухайн тухайн үеийн эрх баригчдад шан харамжтай ажил үүрэг болохоос, ард нийтийн хувьд гадаад үзэл суртлын давамгайлал дор бусдын оюун санааны боол зарц, албат хамжлага болж явах нь гутамшигтай доромжлол хэзээ ч байсан, одоо ч байна. Тусгаар тогтнол гэж энэ түрүүнд оюун санааны тусгаар тогтнол гэж эрхэмсэг оршихуй байдаг. “Нэг бол өөрийн системтэй бол, нөгөө бол бусдын системээр боолчлуул” гэж Барууны нэрт сэтгэгч, өрнийн утга зохиолын хамгийн нууцлаг ёгт бүтээл гэгддэг Хубилай найраглалыг зохиогч Самуэл Тойлор Колерижийн хэлсэн үг бий. Бид бусдын системээр боолчлуулж ханавал ханахаар болсон.

    -Тэгэхээр бид өөрийн гэсэн онол номлолоор явахгүй бол болохгүй болчихжээ гэж үзээд байгаа юм байна тийм үү?

   - Яг үнэн. Бид буддистууд гэх боловч буддизмыг огт мэдэхгүй. Энэ чинь зүгээр байж байгаад мэдчихдэг онол номлол биш. Бидний ахмад үеийн сэхээтнүүд марксизмаа хэдхэн жилд мартчихсан тууж яваа. Одоогийн хүүхэд залуучууд юугаар зүг чигийн баримжаа авч яваа нь огт тодорхойгүй. Бодвол тохиолдлын бүх боломжийг барьж тавин байгаа байх. Тэгэхээр бидэнд марксизм шиг нэг изм хэрэгтэй байна гэдгийг экс Ерөнхий сайд Д.Бямбасүрэн гуай хэлээд байгаа юм. Тиймээс тэнгэрээ сонс гэж хэлээд байна. Үйлс муутай явж байгаа хүмүүсийг монголчууд тэнгэр нь хаячихсан амьтан гэдэг. Тэгэхээр бид тэнгэрээ сонсохгүй бараг таван зууны турш бусдын үзэл санаангаар явж иржээ. Тиймээс бидний изм бол Тэнгэризм байх гээд байна.

    - Ардчилал маань Үндэсний дотоод хувьсгал биш учраас бид бусдад боолчлуулаад байгаа юм байна гэж ойлгогдож байна л даа?

    - Үндэсний дотоод хувьсгал байж болдог байна. Чингисийн Монгол бол үндэсний дотоод хувьсгалын үр дүн. Үүний хүчин зүйл өдөөлт сэдэлт ньТэмүжин байсан. Тэмүжин амжилт олж Монгол мандан бадрах хөрс дэвсгэр нь гадны ямар нэгэн сайн муу үзэл суртлын нөлөөгүй байж. Тиймээс тэр үеийн хүмүүсийн байгалийн жамаархи бодит сэтгэлгээ байжээ. Чонын мэт энэхүү байгалийн бодит сэтгэлгээний онол номлолын үндэс нь Мөнх тэнгэр, Их суу залийн тухай нэн эртний уламжлалт метафизик сургаал байжээ. Энэ метафизик сургаалийн шууд математик хэлбэр нь манай Монгол судлаач, сэтгүүлч Бэсүд Ч.Эрдэнийн нээсэн супернэгдлийн онол байгаа юм шүү дээ. Үүнийг эзэн Чингис урьдчилан хараад ”Санааг нь авбаас бие нь хаа холдож хамраараа газар хатгаж ойчих” хэмээн гэрээсэлжээ. Орчин цагийн их нэрт улс төрч Уинстон Черчилль үүнийг бодож үзээд ”Ирээдүйн их гүрнүүд бол оюун санааны эзэнт гүрнүүд байх юм” гэж зөв таажээ. Ухаандаа дэлхий дахины санааг тэр чигээр нь хумиж авах замаар оюун санааны даяар Их Монгол гүрэн цогцлуулах үндэслэл, арга хэрэгсэл нь супернэгдлийн онол байгаа юмаа. Энэ тухай сэхээтэнлэг уншигчид мэдээд авсан. Юуг мэдээд авсан гэхээр: Монголд капитализм байгуулах нь эрхэм зорилго биш гэдгийг.

    -Эрхэм зорилго нь юу гэж?

    - Эрхэм зорилго маань юу гэвэл. Дэлхийд орчин үеийн капитализмаас илүү өргөн дэлгэр боломж нээсэн жинхэнэ хүмүүнлэг, ёстой ардчилсан нийгэм байгуулах арга замыг эрж хайх явдал. Чухам ийм зорилго тавих боломжийг нэгдсэн онол, түүний логик философи өгч байгаа юм. Бусад нь монголуудын их бага гавъяа оролцоо, хэр боломжийн хүчин зүтгэлийн л хэрэг. Тэр хүчин зүтгэлийн нэгэнд хувь нэмрээ оруулж байгаа нь манай “Их нүүдэлчдийн соёл” ТББ-ын ажил юм.

    - Танай үйл ажиллагааний үндсэн чиглэл нь соён гэгээрүүлэхэд чиглэгдэх үү?

    - Соён гэгүүлэгчдын онол номлолыг суртчилан таниулах, олон нийтийг шинжлэх ухааны шинэ нээлт ололттой харьцах, хэвшил заншил горимт хэрхэн суралцах, нэвтрэх, уншиж ойлгох, зөв аяс хандлагад чиглүүлэхэд сэтгүүл зүйн үүргээ гүйцэтгэх үүрэгтэй. Та бид хоёр тэгээд үүргээ гүйцэтгээд сууж байна.

    -Тэгэхээр ардчиллын үнэт зүйл нь үндэсний сэргэн мандал юм байна. Сэргэн мануулахын тулд ямар хөтөлбөр байх вэ?

   - Боломжтой бүх эх сурвалжаас үзвэл ардчилсан нийгэмд шилжсэн нь бидний дэвшил юм бол цаашхи замнал нь Монголын Үндэсний дэвшлийн нэгдсэн хөтөлбөр баймаар гэдгийг ард түмнээ үргэлж сонсдог гэх МАН, АН-ын холбогдох хүмүүст эрдэмтэн судлаачид хэлээд байгааг, бид дахин дахин давтан ард олны нэрийн өмнөөс сонордуулъя. Ардчилсан нийгэм гэж сэтгүүлзүй шийдвэрлэх нөлөөтэй байхыг хэлдэг юм. Дараа нь бүх юм өнгөрсөн хойно хэлэхгүй яасийм гэж гөрддөг шүү. Хэлсэн шүү дээ гэхээр. Бүр сайн хэлэхгүй яасийм гэдэг. Тэгвэл бүр сайн хэллээ шүү.

   - Улс төрийн намууд тэгэхээр нэгдэх ёстой юу?

  - Шинэ тогтолцооны Монголчуудад нэг муухай дутагдал бий болчихоод байна. Нэгдэж хоршиж ажиллаж чаддаггүй. Энэ бол сайн юманд яав ч хүргэхгүй. Капиталист анхан шатны хуримтлалын төлөө хүн бүхэн бирд бөөс болчихсон. Ер нь тэгээд ямар ард түмэнтэй байна. Тийм л төр засагтай байна гэдэг үг манайд хүчинтэй хэвээр үйлчилж байгааг хүн бүр бодолцох хэрэгтэй байх. Манай улс төрийн намуудын цаана өөрийнх нь төлөвшсөн чин санааны зорилго ерөөсөө байдагүй юм байна гэдгийг ард олон хүнээр хэлүүлэлтгүй мэдээд авсан болохоор ирэх сонгуульд би яах ёстой гэдгээ тунгааж бодсон байх. МАНАН-ын ашиг сонирхол тэртэй тэргүй нэгдмэл болсон. Дөрвөн нүд нь хоёр толгой буюу стратегийн орд газрууд дээр тусч байгаа. Зөрчил байлаа гээд хоёр гурван том компани, төсөв, тендер хуваах асуудлаар харилцан ойлголцохгүйгээс цааш сүр бараатай улс төр гэх юм байхгүй. Тиймээс ирэх 2016 оны сонгуулиас өмнө Үндсэн хуулийг засварласан хуучин үеийн нам төвт төрийн тогтолцоог өөрчилж улс төрийн хүчнүүд нэгдээд Монголын үндэсний дэвшлийн нэгдсэн хөтөлбөр боловсруулаад авбал аль аль нь төөргөө зуруулчихгүй үлдэж, улс орон эрсдэлээс зайлсхийх юм. Өөр шийдэл байхгүй нь ойлгомжтой болсон.

   - Энэ бүхэн явж явж төрийг удирдаж байгаа хүмүүсийн чадамжтай холбогдоод байнаа даа?

   - Монголын улс төр бол хувийн бизнесшүү юм болчихсон байна. Ард түмэн ч ойлгоод авсан. Хүний нийгэм гэж амьтны сүргээс нэг их хол харайдаггүй үзэгдэл. Тиймээс сүргийн манлай буюу үндэсний лидер жолоодогчийг дэвшүүлэх нь сонгуулийн амин чухал зүйл юм шүү. Тэр тусмаа үндэсний сэргэн мандлын зорилт тавигдах нөхцөлд бүр зайлшгүй хэрэгтэй. Монгол маань парламентын засаглалт ганц цагаан хэрээ Евразид тууж явна. Үүнийгээ монголчууд бид өөрсдөө хариуцлагагүй тогтолцоо гэж нэрлэх болсон. Хэрэв ардчилал нь үндэсний лидер жолоодогчийг илрүүлэн өргөн дэвшүүлэх механизм биш юм бол тэгсгээд хог дээр хаягдах биз.

    - Тэгэхээр үндэсний үзэл санааны асуудал үнэхээр чухал гэгийг хүн бүр мэдэж байх ёстой юм байна тиймээ?

   - Үндэсний үзэл санаагүйгээр бид хаашаа явж юугаа эрж хайх болж байна. Гагцхүү үндэсний үзэл санаа өмнөө даяаршсан агуу зорилт тавих ёстой. Өөрөөр үндэсний үзэл санаа гээч юм байдаггүй. Ердөө л энэ. Бээжинг оргүй байхад үндэслэж, Багдадыг хүчирхэг байхад нь эзэлж байсан монголчуудад одоо Баруун тивийг онолоор дагуулахаас өөр олигтой зорилго алга. Тэр онол нь манай монгол судлаач Ч.Эрдэнийн нээж боловсруулсан нэгдсэн онол юм байна гэж таньд сэтгэгдвээс бидний томёолсон үндэсний үзэл санаа тэр юм. Болтугай юу.

   - Хурай хурай хурай...   Таны соён гэгээрүүлэх үйлсэд амжилт хүсье.

           Ярилцсан А.Наранболд