Дарьтай торх шиг ард түмэн...

     Ард түмний бухимдал дээд цэгтээ хүрлээ. Эрхэм дээдсүүд элдвээр аяглаж эгдүүцлийг нь хүргэсээр. Иргэд хувь заяагаа даатгах гэж сонгоогүй, Ц.Нямдоржын хэлдгээр “түрийнээс үсэрсэн бөөс”-нүүд УИХ-ын гишүүн хэмээх сэтэр зүүж өөрийгөө өргөмжилчихөөд ард түмэн рүү нулимж сууна. Би хаан гэж зарлаж өөртөө хэмжээгүй их эрх өгсөн Дэмбэрэл, Портуун гэх мэт нөхдүүд чинь та нарын толгойг цустах вий дээ гишүүд минь. Ард түмнийг цагаан цаас мэтээр бодож юу ч эрээчсэн болно гэдэг онол чинь дэлхий ертөнцөөс арчигдаад удаж байна. Монголчууд төр рүүгээ нэг их босоод байдаггүй ард түмэн. Гэсэн хэдий ч тэсрэх цагтаа тэсэрч л явсан. Ард Аюушийн бослого, 1932 оны баруун дөрвөн аймгийн бослого, хэдхэн жилийн өмнөх долоон сарын нэгэн гэх мэт. Одоо хаана ч явсан уурласан, бухимдсан хүмүүсээр Монгол дүүрэн байгаа. Зүйрлэвээс дарьтай торх мэт. Харин ганц оч үсрэхэд л тэрсэх аюулын дохио өгсөөр байна.

   Би жирийн нэг иргэн. Таксинд, гудамжинд, сархдын ширээний ард, гурваас дээш хүн бөөгнөрсөн газар явахад л улс төрчдийг үзэн ядсан 76-г буудчих юмсан, төрийн эргэлт хийх хэрэгтэй, өөрчлөлт шаардлагтай гэсэн үгс сонсогддог шүү. Дотор зарсхиймээр. Дэлхий сөнөнө гэж 2012 онд яригдаж байхад манай улсын 58 хувь нь итгэчихсэн байсан гэсэн социологийн судалгаа гарч байсан. Аймаар байгаа биз. Энэ их хар масс нэг өнхрөх юм бол юу болох бол. Уянга гишүүний зөгнөөд байгаа Улаанчулуутын хогийн цэгийнхэн, Туулын бургасны зэрлэгшсэн хүн сүргүүд өрдөө өстэй, өвөртэй хутгатай Их тэнгэрийн амыг зоривол яана. Гайгүй байлгүй дээ, тэр цагт нь гадаад руу нисчихнэ гэж бодож байгаа бол том эндүүрэл. Буянт-Ухаагийн буудлыг гурван зуун хүн байхад эзэлчихнэ шүү дээ. Хэтэвчээрээ, хэрэглээгээрээ, шуналаараа ард түмнээсээ хэт хол тасарсан ч дөрвөн уулынхаа дундаас сугарч гарах нь юу л бол. Утаатай Улаанбаатарт үнэтэй цэнэтэй бүх зүйл, дотно эрхэм хүмүүс нь байдаг л байлгүй дээ. Бүгдийг нь гадагшаа гаргачихаагүй л юм бол. Ард түмэн туйлдаж ядрахаараа удирдаж буй хүмүүстээ өширхдөг. Аядуу зөөлөн зангаа гээж улам харгис хэрцгий зан чанартай болж манай нийгэм аюултай зэрлэг догшин болж байна. Ходоод гэдэг зүйл хамгийн хүчтэй. Өлссөн хүн, араатан хоёр адил түвшинд сэтгэдэг байх. Гэр хороололд ганц талх авч чадахгүй үгээгүй ядуус зөндөө байгааг бид мэдэж байгаа, харин тэд нар мэдэхгүй. Ард түмний хилэнг бадраах өчнөөн алдаа хийлээ манай төр. Цаашдаа анхаарахгүй бол юу ч болж мэдэхээр байна.

   Газар шороо хэмээх хамгийн үнэт зүйлээ зараад дууслаа. Хаа очиж Монголчууд өөрөөсөө ч илүү газар нутагтаа хайртай, харамлаж чаддаг ард түмэн. 2000-аад оны үед харьцангуй тайван байж, газар шороо энэ тэр гэж бухимдах нь цөөн байсан санагдана. /Дашбалбар агсаныг эс тооцвол, тэр хүн мөн ч их үгүйлэгдэж байна даа/. Гэтэл одоо бол газар нутгийнхаа төлөө өмөрсөн, харамласан дуу хоолойг өдөр бүр сонсох болсон. Энэ чинь ард түмэн сэрж байгаагийн дохио. Хатуухан хэлбэл босохын дохио. Дэндүү их доромжлууллаа Монголын ард түмэн. Хэмжээлшгүй их өр тавьчихаад “өө яахав, та нарын үр хүүхэд төлчихнө биз” гэж нэг даапаалсан. Шинэ Ерөнхий сайд нь “ ээмэг бөгжөө өгч эдийн засгаа аврах гайхалтай мэргэн санаа” гаргаж нэг доромжилсон. Хөөрхий ард түмэнд чинь тайлаад өгөх ээмэг бөгж байхгүй шүү дээ. Тэр ээмэг бөгж нь л барьцаат зээлийн газруудаар байгаа. Одоо татвар нэмж эдийн засгаа босгох юм гэнэ. Хамаг байдгаа барьцаалж байж жижиг бизнес эрхэлж байгаа хүмүүсийг элгээр нь хэвтүүлэх гэж байна. Архины тухай хууль гаргаж цөөхөн хэдэн хүн баяжуулж жижиг бизнес эрхлэгчдийг нухчин дарах гэсэн өөдгүй бодлогоо хэрэгжүүлбэл бас л ахиад бухимдал үүсч та нарыг үзэн ядах нэлээд олон хүн гарч ирэх байх. Өрнөөс өрний дунд амьдарч байгаа ард түмнийхээ сэтгэлийг засах нэг ч болтугай гэгээн зүйл хэлээч. Ядарсан ард түмний нуруун дээр сандайлахаа болиод төрөөс төрсөн тэрбумтнуудынхаа хөрөнгөнөөс авч эдийн засгаа сэргээвэл ард түмэн бага ч гэсэн тайтгарах байх. Ганц гахай ч чирж үзээгүй, насаараа төрийн өндөр албан тушаалд ажилласан нөхдүүд лусын хаан шиг баян амьдарч байна. Ч.Улаан, Ц.Нямдорж, Багабанди, П.Очирбат гээд үргэлжилбэл мөн их урт болно доо. Ард түмэнд их хүч бий шүү….

           Н.Мөнхсайхан. Эх сурвалж DNews.mn