Дуу амилуулсан эр хүн буюу дуурайлал болсон “Хөх чоно” Дамдин

   Эр хүн...Эгэл гүндүүгүй, эх нутгаа цээжиндээ, энхрий үр, элбэрэлт ханиа зүрхэндээ тээсэн, алсыг харж, холыг бодож нүдэндээ ухаарал тодруулсан халх эрийн төрх...Хувь заяагаа Хөх Монголын цэлмэг тэнгэрийн дор орших төр түмэндээ даатгаж, хэрэгтэй цагт нь төрсөн биеэ бардам зориулах бадрангуй төрх бодлогширсон харцанд нь давхцсан жирийн атлаа жирийн бус омог бардам Монгол эрийн дүр...Хааяа нэг эр хүнийг магтан дуулсан, Монгол эр хүний тухай ховорхон байдаг эгшиглэнт дуунуудыг сонсоход ийм л эрийн дүр сэтгэлд ургаад байдаг. Омголон морин дээр хөндөлсөж, элгэн нутгаа бусдаас харамлан дээшээ огших халх эр...Яахын аргагүй “Их замын эхэнд” уран сайхны киноны Хөх чонын дүр.

   Хар багаас сэтгэлд хадагдсан Монгол эрийн төгс төрх болоод ч тэр үү одоо ч эр хүн гэсэн төсөөллийн туйлын цэг энэ хүн мэт санагдаад байдаг юм. Эр хүн гэдэг ойлголт эрийн утгаа алдаж байгаа энэ үед энэ эрхэм дүр нэгэнт хэзээ ч алдрашгүй Монгол эрийн зан төрхийн биелэл, мөн хэзээ ч хүршгүй эр зоригийн оргил болжээ. Эх нутгаа жирийн ард олон хэрхэн хайрлаж, харийн доншууруудаас яаж сэтгэл гарган хамгаалж ирсэн яруу түүх Хөх чонийн дүрээс ёстой л омголон гэрэлтэнэ. Ийн гэрэлтүүлэн бүтээж чадсан хүн бол чухам энэ дүрээрээ зон олондоо алдаршсан Хөх чоно Дамдин билээ. Хил хязгаараа өмгөөлөн сахисан сайн эр Хөх чоноос эхлээд хэл, соёлоо дархлан хамгаалсан хэцүү То ван хүртэл дүрийг бүтээж явсан энэ хүн одоо ч урлагийн “цэрэг” хэвээрээ. Тэрээр Улсын драмын театртаа жүжигчнээр зүтгэсээр буй. Цагийн саалтанд эрийг нас, уулыг цас дарсан ч Монгол эрийн эгэл, гүндүүгүй төрх нь гундаагүй янзаараа. Хөх чоно Дамдингийн жинхэнэ овог нь уг нь Совд юмсанж. Гэхдээ энэ овгоор нь мэдэх, таних хүн халхын хавтгай дээрээс олдохгүй. Совдын Дамдин гэхээр юу билээ гэж гайхах улс зураглаад өгүүлэхээр өө Хөх чоно байна шүү дээ гэж цээж тэнүүн уулга алдах. Ингэж хэлэхдээ ямар ч тээг саадгүй амьсгалаа гаргах нь эцгийнхээ үйлсээр бахдаж, бардам танилцуулж байгаа хүүгийн төрх тодрох. Тиймээ тэрээр Монгол хүн бүрийн сэтгэлд аавынх нь төрхтэй хамт хоногшсон сайхан Монгол эр. “Их замын эхэнд” гэдэг киноны нэрийг нь мэдэхгүй хэрнээ Хөх чоно гардаг гэхээр шууд хүүрнэн өгүүлэх хүн захаас аваад байдгыг бодоход тэр энэ дүрийг тухайн киноны амин сүнс болтол бүтээж чаджээ.

   1943 онд анхдагчид, алдартнуудын өлгий Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант уулын энгэрт мэндэлсэн түүний хүүхэд насанд хөгжилтэй, басхүү хатуу сургамжтай дурсамж бишгүй. Дэлхийн дайны сүүдэр Монголд туссан үед мэндэлж, ядуу тарчиг амьдрал дунд өссөн С.Дамдин хүүхэд насандаа хорвоогийн хатуу хүтүүтэй хангалттай мөргөлджээ. Түүний дундаас хургатай мөргөлдсөн түүх нь хамгийн сонирхолтой. Өнчин хурга тэжээж, өвөр түрийдээ оруулан эрхлүүлж байхдаа нэг удаа түүнтэйгээ мөргөлдөөд үзэхээр шийдсэн байна. Хүүхэд, хурга хоёрын мөргөлдөөн мэдээж хүүхдийн талд ашиггүй дуусч мань эр арай л духаа цөмлүүлээгүй хоцорсон гэдэг. Хөмсөгөө таслуулж, нус, нулимс, цустайгаа холилдсон жаахан хүүд энэ мөргөлдөөн амьдралын анхны сургамжуудын нэгийг үлдээсэн нь дамжиггүй. Ээжтэйгээ ядуухан амь зуудаг Дамдин хар багаасаа байгалийн хишгийг хүртэж, амь амьжиргаандаа нэмэрлэдэг байж. Загас барьж, данжаадуудад мантуунаас өгөх, зурам, тарвага урхидаж намнан арьс үсээр нь арилжаа хийх гээд хоньчин хүүд хийх ажил мундахгүй. Тийм ч учраас тэрээр юмханаар юм хийх, байгаагаа арвилж хэмнэх ухааныг хар багаасаа суралцжээ. Унааны ганц морьтой, ээжтэйгээ хамт тарвага агнаж амьжиргаагаа залгуулж асан балчир анчин яваандаа улаан номонд орсон хүчирхэг араатан-ирвэснээс бусад анг унагаж үзсэн мундаг эр болж өссөн баялаг намтартай. Агнасан тарваганаасаа ядарсан зүдэрсэн айлуудад илүүчилдэг байсан гээд бодохоор Монгол эрийн чанар бяцхан хүүд хэзээний төлөвшиж байжээ. Мэдээж хүүхэд л болсон хойно эрхэлж, дүрсгүйтэх нь энүүхэнд. Хургатай мөргөлдөөд үзсэн гээд бодохоор чамгүй ч хөдөлгөөнтэй сайн эр явсан бололтой. Хүүхэд зүггүй зүггүй гэвч хэртэй л бол хургатай мөргөлдөхөөр өрөөд зогсож байхгүй нь ойлгомжтой. Ээж, гэр хоёроосоо холдож чадахгүй байсаар бараг баривчлагдаж сургуульд орсон тэрбээр ардын сургуулийн алтан босгийг алхахдаа яг 10 настай байсан гэдэг. Дунд сургуулиа дүүргээд УБИС-ийн сургуулийн зураг, хөдөлмөрийн ангид суралцах хуваарь авч, нийслэл хотноо анх хөл тавьжээ. Харин яг сургуульд элсэхдээ УБИС-ийн урлагийн ангид ёстой огт санаандгүй элсчихсэн юм гэнэ лээ. Хүний амьдралын зураг гэдэг чухам ийм л сонин. “Их замын эхэнд”-ийн Хөх чоно өөрийн амьдралын их замаа ийн хэнэггүйхэн эхэлж байсан гэхээр хувь тавилан түүнийг ч, түүний тайз, дэлгэцнээ бүтээсэн дүрийг бахдан суугаа биднийг ч азаар ивээчихсэн ажгуу. Гэхдээ цэл залуухан С.Дамдинд Дарьбазар шиг дүрийг "Ардын элч" шиг кинонд бүтээх хүслийн гал хэзээний шатаад эхэлчихсэн байжээ.

   1967 онд кино жүжигчнээр төгссөн Хөх чоно өнөөг хүртэл 160-аад жүжиг, 50 орчим кинонд гол болон туслах дүр бүтээсэн байна. Түүний урлагийн алтан замнал үргэлжилсээр байгаа гээд бодохоор дахиад ч олон дүр С.Дамдингаас амилах нь гарцаагүй. “Шинэ зам”, “Буцах хаяг”, “Ширүүн тулааны өмнө”, “Их замын эхэнд”, “Хөөрхий Марат”, “Ээдрээ”, “Тамын дурлал”, “Цахлай”, “Шөнө амталсан нулимс”, “Атга нөж”, “Нэргүй од”, “Манайд амьдарья”, “Монгол улсын төлөө зүтгэе”, “Хубилай хааны зарлиг” , “Хэен Хуар” зэрэг кино, жүжгийн дүр бүтээсэн тэрээр Ардын хувьсгалын 89 жилийн ойгоор Монгол улсын Гавьяат цол хүртжээ. Харин 1971 онд Буриад улсын Гавьяат цолоор энгэрээ мялаасан нь Монгол туургатны хэмжээнд яригдах ховорхон авьяастан гэдгийг нь батална. Тиймээс ч тэрээр “Сөгдөж амьдарснаас сөрж үхсэн нь дээр”, “Хувь заяаны зам” нэртэй хоёр ч тайлан тоглолтоо тавьж, хийсэн бүтээснээ тайлагнахын зэрэгцээ өөрийн амьдралын үзэл бодол, гүн ухаанаа зон олонтойгоо хуваалцсан юм.

   Ээжийгээ долоон жил өргөж, асарч бурханы оронд одуулсан тэрбээр чухам л ээж шүтээнтэй нэгэн. Эрийн эрс зоримог төрх, эгэлгүй ховор аргил хоолойтой ч туйлын уян сэтгэлтэй хүн гэдгийг нь ойр дотныхон нь нэгэн дуугаар нотолдог. Чухам л энэрэл хайр судсанд нь лугшдаг, эргэх дэлхий ухаанд нь багтдаг эр хүний биелэсэн төрх гэвэл амьдрал дээр Хөх чоно Дамдин. Түүний кинонд бүтээсэн эрэмгий, зоримог, эх оронч дүрээс жишээ авч, хүүхэд насны мөрөөдөлдөө Хөх чоно шиг эр болно гэж ирээдүйгээ дархалсан цөөнгүй эрчүүд өнөөгийн бөхчүүд, урлагийнхан басхүү бизнесийнхэний дунд байдаг гэхэд нэг их зөрөхгүй.

   “Их замын эхэнд”-ийн Хөх чоноороо ч, эгэл амьдрал дээр Совдын Дамдингаараа ч тэрбээр нэгэн үеийнхний үлгэр дуурайлал, хүмүүжил, хөгжил болж чадсан гавьяатан. Хүний амьдрал үргэлж дардан байдаггүй. Зовлон жаргал сүлэлдэж, зориг мохох цаг ч нэг бус тохионо. Тийм ч учраас тэргэл сарны дор хорвоод хүмүүн амьдрах утга учиртай, тэмцэж өндийх зорилго бодролтой байдаг буйзаа. С.Дамдин гуайн хувьд ч амьдралын ханиа алдаж, алдаа онооны дэнсэнд бүдэрч босч явсан үе бий. Гэлээ гээд түүний ноён нуруу хугараагүй юм. Тиймээс ч тэрбээр өнөөдөр зон Монголчуудынхаа нүд рүү эгц харж байгаад алдаа, онооны тухай үнэтэй сургаалиа хайрлах бардам нүүртэй. Амьдралын алаг цоогийг сэтгэлийн бөхөөр ялж, алтан дэлхий дээр хүн байхын учирт хувь заяагаа зангидна гэдэг мөн л жинхэнэ эр хүнд байх чанар ажгуу.

   Тэрбээр омголон хүлэг дээр эх нутгаа харамлан хөндөлсөх Хөх чоно, ардын дуунаас амилан дүүлэх Эр бор харцага билээ...

            Л.Срона. 2013.03.22. Эрдэнэт