ЭРДЭНЭ БАГТ 150 ХҮҮДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАРИХ АЖИЛ 80 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

  Аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал Эрдэнэ багт баригдаж буй Багийн төвийн цогцолбор болон XI цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцлаа.

   Энэ жил улсын төсвийн 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Эрдэнэ багийн XI цэцэрлэгийг 150 хүүхэд хүлээж авах хүчин чадлаар өргөтгөнө. Уг барилгын ажлын гүйцэтгэгчээр “Принцесс Озеро” ХХК ажиллаж буй. Өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 80 хувьтай үргэлжилж байна. Дээрх цэцэрлэг ашиглалтад орсноор Эрдэнэ багт оршин суудаг цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дийлэнх нь гэртэйгээ ойр цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэх ач холбогдолтой. Дашрамд дурдахад, Тус багт 2017 онд 640 хүүхдийн сургууль ашиглалтад орсон юм.

  Түүнээс гадна төрийн үйлчилгээг иргэдэд ойроос түргэн шуурхай үзүүлэх зорилгоор Эрдэнэ багт Багийн төвийн цогцолборын барилга барина. Улсын төсвийн 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж буй уг ажлыг “Рино Инженеринг” компани гүйцэтгэж байна. Одоогоор ажлын явц 70 хувьтай үргэлжилж байгааг тус компанийн инженер танилцууллаа.

Мэдээллийн төв