ЗАСАГ ДАРГЫН ШУУРХАЙ ХУРАЛДААНААС ...

   Аймгийн Засаг даргын ээлжит шуурхай зөвлөгөөн цахимаар хуралдлаа. Энэ удаагийн хуралдааныг Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал нар удирдан явууллаа.

     Шуурхай зөвлөгөөний үеэр зарим нэг хэлтэс, агентлагийн удирдлагууд цаг үеийн шинжтэй мэдээлэл хийв.

      Өмнөх шуурхай хуралдаанаас Хотын эргэн тойронд үүссэн эзэнгүй дүүргийн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулах үүрэг өгсөн бөгөөд аймгийн БОАЖГ-аас Эрдэнэт хотын эргэн тойронд, Булган аймгийн хөрш зэргэлдээ сумдын хилийн бүс нутгаар хуримтлагдсан эзэнгүй хог хаягдлын судалгааны ажлыг хийж, нийт 51 цэгт хуримтлагдсан 1150 м.куб хог хаягдлыг бүртгэлжүүлж, цэвэрлэгээний ажлыг 05 дугаар сарын 18-ны өдрөөс зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ханган ажиллаж байна.

            Өнөөдөр 11 цагийн байдлаар улсын хэмжээнд тусгаарлан ажиглах байранд 1747 хүн байна.  22 их эмч, 49 резидент эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

   Монгол Улсад нийт 140 тохиолдол бүртгэгдсэн, үүнээс 24 хүн эдгэрч, 116 батлагдсан тохиолдол ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. ХӨСҮТ-д 116 хүн эмчилгээнд, 89 хүн хяналт, ажиглалтад байна. Эмчилгээнд байгаа 23 хүний биеийн байдал хүндэвтэр байна. 8-16 насны 5 хүүхэд эмчилгээнд байна. Хүүхдүүдийн биеийн байдал дунд зэрэг үнэлэгдсэн.

   ОХУ, Испани улсад хийсэн судалгаагаар коронавирусийн халдвараар зүрх судасны өвчтэй хүмүүс илүү хүндэрч байна. Тиймээс Улсын хоёрдугаар төв эмнэлэгт зүрхний шигдээс тархины харвалтын нэгж нэмэлтээр байгуулж, вирус бөөр гэмтээж байгаа учраас гeмодиализийн аппаратын тоог нэмэгдүүлэхээр болсон байна.

   Харин манай аймгийн хувьд ОХУ-аас орж ирсэн 119 иргэнийг авч ажиглалт, тусгаарлалтын байранд байршуулаад байгаа бөгөөд 2 иргэнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн БОЭТ-ийн Халдвартын тасагт шилжүүлж сорьцын шинжилгээ авч Дархан-Уул аймгийн вируслогийн лабораторид шинжлүүлэхэд 2 сорьц эерэг гарсан бөгөөд ХӨСҮТ-д баталгаажуулах шинжилгээ хийхэд COVID-19 болох нь тогтоогджээ. Эдгээр хоёр иргэнийг БОЭТ-ийн халдвартын тасагт эмчилж байгаа бөгөөд өнөөдөр Улаанбаатар хот руу шилжүүлэн ХӨСҮТ-д үргэлжлүүлэн эмчлэхээр болжээ.

            Аймгийн удирдлагуудын зүгээс цаашид COVID-19-ийн эсрэг урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хаврын бүх нийтийн мод тарих ажлыг сайтар зохион байгуулах, бүтээн байгуулалтын ажилд саад болж буй зарим нэг маргаантай газруудын асуудлыг яаралтай шийдвэрлэхийг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.

Мэдээллийн төв