Хүүхдийн эсрэг хүчирхийлэлд төр төмөр нүүрээ харуулж байна

    Өчигдөр буюу 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд иргэн Б.Дашзэвэгт холбогдох хэргийн шүүх хурал болж өнгөрлөө. Олны анхаарлын төвд байсан энэ хэрэгт шүүх шийдвэрээ гаргасан байна. Бага насны хүүхэд хүчирхийлэхээр завдсан хэргээр шүүгдсэн Б.Дашзэвэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар есөн жилийн хорих ял оноожээ.

   Дөрвөн жилийн өмнө зургаан настай охиныг хүчирхийлсэн Бангладеш улсын иргэн Рахман МД Атикурт Баянзүрх дүүргийн шүүхээс 7 жилийн ял оноосон. Гадны иргэн бага насны хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан удаан хугацаанд хүчирхийлсэн болохыг тогтоосон байдаг. Ялтан Рахман МД Атикурт шүүхээс оногдуулсан хорих ялыг 2015 оноос хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн шинэ хуульд нийцүүлэн хасч, ялаас чөлөөлж өгөхийг хүссэн гомдлыг ялтны өмгөөлөгч Э Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Өнгөрсөн оны зургадугаар сард гаргасан байна. Гэвч анхан шатны шүүхээс тэдний хүсэлтийг хүлээж аваагүй тул Рахман МД Атикур өмгөөлөгчийн хамт давж заалджээ. Давж заалдах шатны шүүх хурал 2017 оны наймдугаар сарын 24-ний өдөр болж, гомдлыг нь хэрэгсэхгүй болгон, ялыг нь хүндрүүлсэн байна.

    Монгол улсын шүүх, хуулийн байгууллага хүүхдийн эсрэг хүчирхийлэлд хатуу байр суурь баримтлах болсноо үүгээр баталж өглөө. Одоо “Очир төв” буудалд амь насаа алдсан 13 настай охины хэрэгт шүүх ямар шийд гаргахыг олон нийт хүлээж байна.

     Б.ӨНӨР