МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

Орхон аймаг Эрдэнэт хотын нийт иргэд, эрхэм хүндэт наадамчид аа!

  Монголчууд бид баяр наадмаараа үгийн сайныг хэлэлцэж, үйлийн сайныг урлаж, үйлсийн сайхныг бүтээж, уламжлалт түүх соёлоо дэлхий дахинд сурталчилж нарт тэнгэрийн доор наадан цэнгэдэг уламжлалтай.

  Их Монгол улсын 814, Тулгар төрийн 2229, Ардын хувьсгалын 99 жилийн ой, аймгийн баяр наадам маань энэ жил дэлхий дахинд COVID-19 вирусийн цар тахал тархаад буй онцгой нөхцөл байдалд зохион байгуулагдаж байна. 

  Түүнчлэн баяр наадмын өмнөхөн Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурлын ээлжит сонгууль зохион байгуулагдаж бид төр засгаа эмхлэн бүрдүүлэх ажил хийгдэж байгаагаараа онцлогтой жил болж байна. 

      Манай Орхон аймгийн хувьд  Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бид бүхний 25 жилийн турш хүлээж байсан Эрдэнэ хот болох эрхзүйн үндэс бүрдсэн, аймгийн ИТХ-ын ээлжит III хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр 95.3 хувьтай хэрэгжсэн, Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлийн хүрээнд хэрэгжих нийт 14 сая ам. долларын  хөрөнгө оруулалт шийдвэрлэгдэж,үүний 7 сая доллар нь эргэн төлөгдөхгүй, нэн хөнгөлөлттэй зээлээр Эрдэнэт хотын үерийн ус зайлуулах далан суваг, инженерийн бүтээн байгуулалтад зориулагдахаар болоод байна. 

   2020 онд манай аймагт улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 46.8 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэхээр төлөвлөгдсөн бөгөөд энэхүү хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд амжилттай хэрэгжиж байна. 

   Мөн одоогийн байдлаар татварын орлого 19.3 хувиар давж биелсэн, төсвийн гүйцэтгэл 107.7 хувьтай, аж үйлдвэрийн салбарт 733.1 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, 779.1 төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан сайхан амжилтаар Эрдэнэтчүүд бид үндэсний баяр наадмаа тэмдэглэж байна. 

   Эртний сайхан уламжлалтай үндэсний их баяр наадамдаа бөхчүүд нь хүчтэй, эрхий мэргэн харваачдынх нь харвасан сум цэцтэй, уралдсан морьд нь хурдан, унасан хүүхэд нь цовоо байх болтугай.

   Наадамчид, Орхон аймагт маань ажиллаж амьдарч буй гадаадын иргэд, та бүхэндээ Их монгол улсын 814, Тулгар төрийн 2229, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Орхон аймгийн баярын мэндчилгээ дэвшүүлье!

Та бүхэн сайхан наадаарай.

Орхон аймгийн Засаг даргын орлогч

Сэмжидийн БАТЖАРГАЛ