АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР 2020-2021 ОНЫ ХӨДӨӨ АЖ АХУЙН ӨВӨЛЖИЛТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЛЭЭ

   Өнөөдөр аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурал цахимаар хуралдлаа. Энэ удаагийн хуралдааныг Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал орлогч А.Түвшинжаргал, Хот байгуулалт, дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч С.Батжаргал нар удирдлаа.

   Энэ хуралдаанаар аймгийн 2020-2021 оны Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт хаваржилтын бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ. Энэхүү төлөвлөгөө нь мал аж ахуйн чиглэлээр 16,  мал эмнэлгийн ажил үйлчилгээний чиглэлээр  4, газар тариалангийн чиглэлээр 14, хүнсний чиглэлээр 2, нийт 36 заалт бүхий ажлын төлөвлөгөө юм.

   Үүнд: Засгийн газрын тогтоолоор батлагдсан төлөвлөгөөний дагуу аймаг, сумдын аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийг бэлтгэх, малчдад хадлангийн талбай олгуулах талаар зэргэлдээх аймаг сумдтай хамтран ажиллах,  намрын ургац хураалтын ажилд шаардагдах шатахууны нөөцийг бүрдүүлэх, 2022 оны тариалалтад зориулан нөөцлөх үрийн цэвэрлэгээг шалгаж стандартад тэнцүүлэх, ногооны зоорь, агуулах, үтрэмийн цэвэрлэгээ ариутгал, бүтээгдэхүүний хадгалалтад хяналт тавьж ажиллах, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан шаардлагатай тохиолдол гарвал ургац хураалтын ажилд цэрэг, оюутнуудыг татан оролцуулах, ургацыг малаас хамгаалах ажил зохион байгуулах, 2022 оны хавар иргэдийн хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх зэрэг ажлууд тусгагджээ.

     Аймгийн Эрүүл мэндийн газраас танилцуулсан “Халдварт бус өвчинтэй тэмцэх дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн тайланд нэмж тодруулах асуудлууд байсан учир зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр буцаалаа.

Мэдээллийн төв