ТОГЛООМЫН ТАЛБАЙД БӨӨГНӨРӨЛ ҮҮСГЭСЭН ХҮҮХДҮҮДИЙН ЭЦЭГ, ЭХЭД ХАРИУЦЛАГА ТООЦНО

    Аймгийн Онцгой комиссоос сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өнгөрөгч долоо хоногт Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ирж буй иргэдийг Орхон аймагт хүлээн авах, тусгаарлах ажлыг зохион байгуулсан. Иргэдийг тусгаарласан байрыг холбогдох байгууллагууд хамгаалалтад аваад байна. Дээрх ажлыг аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, БОЭТ, Эрдэнэт сувиллын цогцолборын албан хаагчид, эмч мэргэжилтнүүд хамтран зохион байгуулж буй. Үүнтэй холбоотойгоор Улсын Онцгой комиссоос томилогдсон ажлын хэсэг манай аймагт ажилласан. Энэ удаад дараах мэдээллийг өглөө.

    Аймгийн Онцгой байдлын газрын дарга Г.Ганбаатар: Эрүүл мэндийн яамнаас хоёроос дээш хүн нэг дор цуглахыг бөөгнөрөл гэж үзнэ гэж мэдэгдсэн. Тиймээс эцэг, эхчүүд хариуцлагатай байх хэрэгтэй байна. Ихэвчлэн 14-18 насны хүүхдүүд гадуур их бөөгнөрч байна. Өнөөдрөөс эргүүл ажиллаж сургууль, орон сууцны байруудын гадаах талбайд бөөнөөрөө тоглож буй хүүхдүүдийн эцэг, эх, асран халамжлагчдад “Зөрчлийн тухай” хуулиар хариуцлага тооцно. Мөн сургууль, цэцэрлэгүүд, багш нарт өөрийн сурагчдад хараа хяналт тавих чиглэлийг өгнө гэлээ.

    Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэг: Өнөөдрийн байдлаар Орхон аймагт 86 иргэнийг тусгаарлаж, ажиглалтад аваад байна. 3 сарын 22-нд 1 дүгээр ээлжээр 44, 23-нд 2 дугаар ээлжээр 37 иргэнийг тус тус хүлээн авсан. Үүн дээр урьд нь тусгаарлалтад байсан 5 иргэн бий. Тэднийг Эрдэнэт сувиллын цогцолбор болон БОЭТ-ийн Халдвартын тасагт байрлуулсан. Сэжигтэй нэг тохиолдлыг, ойрын хавьтлын хүмүүсийн хамт тусгаарласан. Харин ажиглалтын байранд байгаа иргэдэд вирусийн шинж тэмдэг илрээгүй байна. Мөн гэрийн тусгаарлалтад 16 иргэн бий. Тусгаарлах байрыг хотын төвөөс хол байрлуулах хэрэгтэй гэх байр суурьтай хүн цөөнгүй бий. Гэхдээ одоогоор хотоос зайдуу байршилд нөхцөл, шаардлага хангах байгууламж, газар байхгүй. ХӨСҮТ-өөс хотод тусгаарлахад хориглох зүйлгүй гэх зөвлөмжийг өгсөн гэсэн юм.