Түвдөөс бичсэн “чат”...

 ...Надад нэг түвд анд бий. Монголд цөөнгүй ирж байсан, одоо Австралид амьдардаг. Хааяа хааяа холбогдож чатлана. Тэрбээр өөрийгөө ойрадын Төрбайх-Гүүшри ханыг дагаж түвдэд очсон хошууд зоны удам гэх. Хөх нуур, Ботола ордонд Монголчуудын ноёрхож асан түүхэн үе, түүнээс нааш залгамжилж ирсэн уг удмаа нээрээ л тийм болов уу гэтэл цаг хугацаа, дээдэс, өвгөдийнхөө нэрс, нутаг, амьдрал тэмцлийн дараалалтай хүүрнэх. Эхэндээ "сохор" тангад Монгол болох гэж ядлаа гэж даажигнадаг байснаа нуух юун. Одоо харин больсоон. Үнэндээ би өөрөө Монголд тэнэж явсан ямар нэг түвдийн удам ч юм билүү, мэдэхгүй шүү дээ. Дээшээгээ хоёр, гуравхан үеийн нэр нэрлэх төдий болдог, тэднийхээ түүх цадигийг өгүүлэх бүү хэл нутаглаж байсан газрыг нь үл гадарлах орчин цагийн өөрийгөө зөвхөн "Монгол" гэгчдийн нэг билээ би. Гэхдээ арай ч "Хиад боржигон" гэж бол хадуурахгүй ээ. Манай Монгол угсаатай түвд эр сахил санваартай мөртлөө их хачин үзэл бодолтой, тэрслүү нөхөр. Саявтар Сиднейн хятадын консулын газар руу түвдүүд халдсан үйл явдлын тухай тодруулахаар холбогдлоо. Ингээд "чат"-ын яриа сэдвээсээ нэлээд хазайв. Мань эр асууж байна аа. "-Улс оронд Ардчилал, Тусгаар тогтнол хоёрын аль нь илүү чухал бол?" гэж. Би ч ардчилсан улсын иргэн болохоороо аль аль нь гэж ирээд баахан цэцэрхэв. "-Ардчилалгүй улс орон оршин тогтноод ирсэн түүх бол дэлхийн түүх тэр чигээрээ. Харин тусгаар тогтнолгүй улс улс биш болдогийн жишээ өнөөгийн түвдөөс авахуулаад өчнөөн байхад та нар яагаад "тусгаар тогтнол"-доо ач холбогдол өгөхгүй, "Ардчилал" гэж байнга хөөсөрч байдаг юм бэ?"...Түүнд нэлээд эрэлхүү хандаж, дандаа сав хоосон буцаахгүй санаатай байдаг би энэ удаад хариу хэлж чадсангүй.

    "-1-рт тусгаар эрх чөлөөтэй байж, дараа нь ямар нийгмээр, яаж замнаж хөгжихөө сонгодог баймаар. Гэтэл урдуураа "Ардчилал" гэдэг сайхан хөшиг татчихаад цаагуур нь "би"-д барих, амиа бодох үзлийг өөгшүүлж, тусгаар тогтнол хэмээх нийтийн, нэг цул баялгаа устгаад дуусч байгаа юм биш үү?"... "-Анх шарын шашинг түвдүүд Монголын ид хавыг ашиглах гэж, өөрийн нөлөөний бүсээ болгох гэж, Монголчууд шуудайд хийсэн үхрийн эвэр шиг байдлаа оюун санааны нэгдлээр солих гэж Монголд аваачсан. Харин хожмоо Манж гүрэн Монголыг тусгаар биш болгох, хүчнийг нь сарниахдаа "хөшиг", “бүтээлэг” болгож ашигласан. Монгол хүний оюуны мэлмийг бөглөснийхөө дараа тэд юу хийснийг та нар сайн мэдэх байлгүй дээ. Өнгөрсөн түүх учраас. Нэгэн цагт шарын шашин шиг сайхан юмгүй орон байв даа, Монгол. Өнөөдрийн "Ардчилал" гэдэг сайхан "юм" чинь аль нэг их гүрний иймэрхүү далд санаа, "хөшиг" байж магадгүй гэж одоо хэр бодогдохгүй байна уу?"... "-Тусгаар тогтнолыг хамгийн үр дүнтэй устгах арга бол эх оронч үзэл, угсаа уламжлал, оюуны өвийнхөө төлөө цохилох зүрх, зоригийг ямар нэг зүйлээр орлуулж арчих арга. Үүнийг хийж чадаагүйгээс л өмнөх үеийн аугаа түрэмгийлэгчид дайнд ялагдсан юм шиг санагддаг. Хор болгон амттай байдаг учраас улайран донтдог, эм болгон гашуувтар учраас тургиж, дургүйцдэг. Тиймээс эмийг хороор солих бол арга урвуулахын төдий хялбар ажил. Эм бол алсдаа хэрэгтэй, хор бол яваандаа аюултай гэх “мэдлэг”-ийг хүний тархинаас арчиж угаахад л гүйцээ”... “-Өндөр гэгээн Занабазар, Ойрадын хувилгаан, бурханы бошигт Галдан нарын зөрчил юунаас үүдэлтэй гээч. Монголчууд буддийн шашинг оюуны өв утгаар нь хөгжүүлэх гэж, Монголын нутагт Монгол ухаанаар суурьшуулах гэж оролдсон нь Түвдүүдэд таалагдаагүй юм. Уг нь бол түвдийн бурханд мөргөж, түвдийн үгээр хөдөлж, түвд хэл дээр ном судраа уншиж, түүндээ мухар сохор итгэж, түвдүүд бол аугаа шидтэнүүд гэж ойлгож байх учиртай байж л дээ Монголчууд. Хэрэг дээрээ мэдлэг, гүн ухаан, ерөөл билгийг далдын хүчтэй тарни, шившлэг мэтээр харагдуулж, түүнийг зөвхөн бурханы хэл түвдөөр уншиж, бурханы элч-түвдүүд түгээх ёстой байсан бололтой. Гэтэл өндөр гэгээн гэгч төрхгүй этгээд Ганжуур, Данжуурыг орчуулан тайлж, түвдийн аугаа бурхадыг Монгол хүний төрхөөр үйлдэн ламын хувцас хэрэглэлийг ч Монгол болгож. Өөрөөр хэлбэл гаднаас оруулсан хорыг тайлан эм болгож, хөшигийг ярж агаар, нар оруулаад эхэлжээ. Иймээс л түвд Галдан хувилгааныг хатган оруулж, номоор дагаагүй халхуудыг номхотгохын ялдамд түвд шашинд “сүсэглэсэн” Галдан толгойтой, нэгдсэн Монголоор Манжийн эсрэг бамбай хийхээр тооцсон. Шүтээн сүсэгт нь халдсан, сүм хийдийг нь галдсан, лам нарыг нь хөгнөж хядсан үнэн хэрэгтээ шашины дайныг Монголчууд өмнө хожид үзээгүй юм. Тиймээс л хүчтэйгээ хүлээн дагаад бусдын эсрэг хүчирхэгжин босдог Монголчууд Галдан хувилгаанаас дүрвэн зугтаасан хэрэг. Харамсалтай нь түвдийн татахаар санаархсан “хөшиг”-ийг манжууд гүйцээж, Монголчуудыг “нар салхи” үзэхгүй болгосон үнэнтэй. Өндөр гэгээн үүний эсрэг зогсож, арга урхинд орохгүй байсаар хорлогдож хальсан юм шиг ээ. Хулсан хутгаар олон хатгаж хөнөөсөн тухай оргүй биш сурвалж байдаг юм шүү. Ойр холоос бүлээн амь, халуун голомтод нь заналхийлсэн цөвүүн цагт гаднаас хэрэгтэй үрээ аваад өөрийнхөө хөрсөнд суулгах сэхээ самбаа Монголчуудад байсан атал өнөөдөр ийм сайхан боломжтой мөчлөгт бусдыг сохроор дагана вэ”... Бидний “чат” энд хүрээд өндөрлөсөн. Жаахан засч янзлаад бараг хэвээр нь уламжиллаа. Нээрээ бид яагаад Тусгаар тогтнолын их түүхээ, амь биеэ золин байж энэ үнэт өвийг үрс хойчдоо үлдээсэн аугаа дээдсийнхээ цадигтай хамт “хөшиг”-ний ард хийчхэв ээ...Бодох л хэрэгтэй. Бодох цаг болжээ...

    Л.СРОНА