“Сталинград” киноны бодит түүх буюу Павловын байшин...

                   /Аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ойд/

     Дэлгэцнээ мэндлээд төдий л удаагүй байгаа “Сталинград” кино дэлхийн үзэгчдийн анхаарлыг зүй ёсоор татсан билээ. Тэгвэл уг киног дэлхийн дайны үеийн бодит үйл явдлаас сэдэвлэн бүтээжээ. Одоогийн Волгоград хотноо уг киноны үйл явдал өрнөсөн байшин өдгөө ч сүндэрлэн буй. Дайны үед Сталинградын “Лениний талбай” буюу хотын төвд байрлалтай уг байшинг эзлэхийн тулд немцүүд асар их хохирол амсчээ. Гэвч тулалдааны бүхий л цаг хугацааны турш тэд санасандаа хүрч чадаагүй юм. Хотын төв, түүний дээр эндээс хааш хаашаагаа км орчим газрыг хянах боломжтой, төмөр замын зангилаа орчим байрласан гээд уг орон сууцны стратегийн ач холбогдол туйлын өндөр байж. Германчууд анх Сталинград руу довтлохдоо бөмбөгдөлт, хүнд их бууны галын бэлтгэлийг хэтрүүлэн хийснээс нуранги болсон хотод өөрөө явагч /танк, хуягт/ байлдааны техник хэрэгслийнхээ давуу талыг бүрэн алдсан нь их бууны хяналтын цэг хийхэд таатай боломж бүхий энэ байшинг нураахгүй байх хангалттай шалтгаан болсон биз ээ. Тулалдааны эхэн үед уг байшинг нацистууд эзлэн авсан байна. Энэ хүнд үед Сталинград дахь зөвлөлтийн цэргийн командлал дайрагч бүлгүүдийг зохион байгуулж, тулаанд оруулжээ. Ийм дайрагч бүлэг нь 20-30 туршлагатай, чадварлаг цэрэг, галаар шүршигч, бага оврын их буутай байв. Дайрагч бүлгийн дайчин нэг бүр автомат, винтов, гар буу, гранат, хутганаас гадна ирлэсэн хүрзээр зэвсэглэсэн байжээ. Хотын барилгуудын бүхий л орц гарцыг сайн мэддэг, үхлээс халирдаггүй дайрагч бүлгийн дайчид тулалдаанд орсон мөчөөсөө л Гитлерчүүдийн зүрхэнд шар ус хуруулж эхэлсэн байна. Германы цэргүүд дайрагч бүлгийнхэнтэй гардан тулалдаанд орохоос аль болох зайлсхийж, зугтаахыг илүүд үздэг байжээ. Үүний шалтгаан нь орос цэргүүдийн эр зориг, ур чадвар, мөн ирлэсэн байлдааны хүрзэнд байсан гэдэг. Дайрагч бүлгийн байлдагчид тулааны оготор хүрзийг тун ч чадамгай зэвсэг болгодог байв...

    Яг ийм хоёр дайрагч бүлэг хотын төвийн энэхүү орон сууцыг чөлөөлөх байлдааны даалгавар авсан байна. Цус урсгасан мөргөлдөөний эцэст уг хоёр бүлгийн нэг, түрүүч Я.Павловын удирдсан дайчид байшинг буцаан авч чаджээ. Гэхдээ бүлэгт түрүүч өөрөө ороод ердөө гурван хүн үлдсэн байлаа. Байшинг оросууд авсан мөчөөс л германы тал булаан авахаар довтолж эхэлжээ. Гэсэн ч орц, гарцыг минажуулсан, байшингийн хонгил, хоолойг сайн мэддэгээ ашиглан Павловын бүлэг гурав хоног тэсэн тулалдаж чадсан байна. Хориглолтын гуравдахь өдөр ахлах дэслэгч Афанасьевийн бүлэг тэдэнд туслахаар иржээ. Ийнхүү дэлхийн дайны үеийн хамгийн гайхамшигт эр зоригийн дуулиудын нэг өрнөлөө авлаа. Байшинг хамгаалагчид олзны болоод өөрсдийн пулёмет, миномёт, танк эсэргүүцэх бага оврын их буутай байжээ. Харин довтлогчдод тухайн үеийн байлдааны бүх шилдэг зэвсэглэлээс гадна хангалттай хүн хүч байлаа. Хожмоо “Павлов”-ын байшин хэмээн алдаршсан уг орон сууц баатарлаг хамгаалалт, цуст тулалдааны гэрч болсон юм. Байрны давхар, жигүүр, өрөө нэг бүрийн төлөө цус асгарч байлаа. Германчууд байшин руу өдөрт хэд хэдэн удаа дайрч, хэсэгчлэн эзлээд тухайн шөнөдөө хамгаалагчдын хайр найргүй гардан тулалдаанаас халирч ухрахаас аргагүйд хүрч байжээ. Чухам энд зөвлөлтийн дайчид тулааны оготор хүрзний ид хавыг эцэст нь хүртэл гайхуулсан байна.

   

   Байшинг хамгаалагчид дайны өмнө хотын элитүүд амьдарч байсан уг газраас пянзнууд, пянз тоглуулагч олсон ч синфони бүхий нэг пянзнаас бусад нь бүгд эвдэрчихсэн байлаа. Тиймээс тулаан болоогүй үед өдөр шөнийн ялгаагүй “Павлов”-ын байшингаас синфони эгшиглэж, германчуудын эгдүүцлийг дэвэргэж байсан гэдэг. Фашистын цэрэг, дарга нар “чөтгөрийн байшин” гэж хэмээн нэрлэсэн уг сууц фельдмаршал Ф.Паулюсын /Зөвлөлтийн талд бууж өгөхөөсөө өмнөхөн фельдмаршал болсон/ стратегийн газрын зураг дээр “Цайз” гэж тэмдэглэгдэх хувьтай байжээ. Эх орноо гэх сэтгэл, эр зориг ямархан суу алдрыг бүтээж болдогийг Павлов болон Афанасьевийн удирдсан 30 дайчин чухамхүү үлгэрлэн үзүүлсэн юм. Тэд хоёр сарын турш дайсны цөхөршгүй довтолгооныг няцаасан билээ. Павловын бүлгийн 3 хүн байшинд нэвтэрснээс хоёр сарын дараа Зөвлөлтийн арми германы хүчийг задлан цохих “Уран”, залгуулаад бүслэн устгах “Цагираг” ажиллагаагаа эхлүүлж, сөрөг давшилтад орсноор энэ байшин төдийгүй хотын төв бүхэлдээ чөлөөлөгдсөн түүхтэй. Байшинг хамгаалагчдаас түрүүч Павлов, ахлах дэслэгч Афанасьев нарын цөөнгүй дайчид амьд үлдэж, аугаа их эх орны дайныг туулан гарчээ. Энэ л “Сталинград” киноны төгсгөлөөс зөрдөг ажгуу. Тэдний суу алдар өдгөө ч орос орны өргөн уудам нутаг даяар түгэн тархаж, мөнхрөн дуурссаар байнам...