"Зул бичиг": - "Аялгуунаас тодрох бодрол..."

/Хөвсгөл аймгийн Мөрөн сумын МГС-тай 3-р сургуулийн 10 а ангийг 2000 онд хамт төгссөн анд Ц.Эрдэнэбатдаа өргөх сэтгэлийн зул/

 ... Нойтон сормуус чинь хацарт мэдрэгдэн байж

     Нойр хулжаасан тэр нэгэн шөнө өө

     Нэгэнт чи намайг орхиод оджээ

    Эргээд ирээч чи минь наддаа...  Анд минь чи энэ дууг аялах тун ч дуртай байж билээ. Ямар хамтлагийн ямар нэртэй дуу болохыг найз нь одоо мартжээ. Ер нь бид угаасаа тэр үедээ ч мэддэг байсан юм уу даа. 1990-ээд оны төгсгөл үе. Монгол хамтлагууд шил даран мэндэлж, “кассет”-ууд нь ар араасаа хөвөрч байсан цаг. “Хар сарнай” , “Камертон”, “Сүнс”...   За жаахан хойшлоод “Салхи”, “Гайз 666”, “Номин талст”, “Фрийзон”, “8 дахь гараг”...   Хамтлагуудын нэрийг бид яг ингэж л бичдэг байсан. Одоо харахад инээдэмтэй ч юм шиг...  “Хар шингээсэн харц”, “Алсаас чамдаа”, “Эмзэгхэн хайр”, “Бороотой зуны дурсамж”, “Мартагдашгүй хайр”, “Үерхэлийн зурвас”, “Арван жилийн дурсамж”, “Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө” гээд л... 

    Зуун солигдох тэр жилийн хаврыг дэггүйхэн сурагч бидний сэтгэлд хадсан эдгээр дуунуудыг би одоо ч сонсдог. Сонсох бүрийд анд минь чиний инээмсэглэсэн төрх чинь санаанд ургана. Ямар ч хар хоргүй, чин сэтгэлийн цагаахан инээд тодруулсаар хөлөө хоёр тийш нь хаялан том том алхсаар ирдэг хүүхэд...  бас залуу. Энэ дүрээрээ, үргэлжид 20-иодхон настай чигээрээ чи анд нөхдийнхөө сэтгэлд мөнхөрчээ...  Яагаад ч юм анд минь чи дуунд үнэхээр дуртай хүүхэд байсан. Магадгүй дэндүү аялгуулаг, тунгалаг дотоод ертөнцтэй болохоороо тэр буйзаа... 

    Нэг л мэдэхэд би гучин насны босгыг давчихлаа. Нэг л мэдэхэд найзаасаа гар бариад салсан тэр мөчөөс хойш 10 намрын навчис хагдарчихлаа. Харин анд минь чи үүрд хорин хэдхэн настай хэвээрээ... ”-Би 30 нас хүрэхдээ унаатай, байртай болчихсон. Нандиатайгаа сайхан амьдарч байна” гэж чи итгэл дүүрэн өгүүлдэг сэн. Ер нь чамтай ярьж суухад, чиний үлдээмжийн дэвтэр дээр минь бичиж өгснийг уншиж байхад...  Нэг л өөр, содон өнгө аяс мэдрэгддэг. Үнэндээ чи үеийнхнээсээ, биднээс тэс өөрөөр сэтгэдэг хүүхэд байж. Гэгээлэг, цовоо цолгиун...  Сэтгэлдээ ямар ч хар хор тогтоодоггүй. Эгээ л нэг амгалан хөх нуур лугаа...  Ямар ч хог, шувуудын сүүдрийг зуурч үлддэггүй биндэрт тунгалаг нуурын мандлыг л анд чиний сэтгэлтэй зүйрлэж болох мэт. Гэгээн гэхэд дэндүү гэгээн хүмүүн байжээ чи...

    Амьдралд хачин их яарч тэмүүлдэг андынхаа хүслийг би заримдаа ойлгодоггүй байсан. Гэтэл...  Асар богинохон хугацаанд бүхнийг амжуулах гэж, ард чинь хоцрох намжаа цэнхэр дэлхийд мөрөө үлдээх гэж бачимддаг байж дээ чи...  Зовлон гунигийг минь өөрийн юм шиг хуваалцаж, зорилго тэмүүлэлд минь дөрөө болж дэмнэдэг асан андаараа дутаад би цөөнгүй жилийг үдлээ. Гэвч чиний цайлган инээмсэглэл өдрөөс өдөрт, оноос онд улам бүр сэтгэлд тодрох нь гайхалтай. Мөнх бусыг дагадаг хүмүүний хорвоод элж одсон зүйл алийг тэр гэх вэ. Үсэндээ хяруу суулгаж, үрийн үрээ харж амжаагүй ээжийнхээ хоолойг ч заримдаа зүдэрч санаандаа сэргээх юм. Харин нэгэнт мөнхөрсөн андын инээмсэглэл...  Дурсах бүрийд даанч тодхон гэрэлтэж харагдана...  Ямархан эгэл атлаа эгэлгүй, даруухан атлаа хязгааргүй нэгэн яваа вэ “Ц” найз минь...   Дахиад л чиний сонсох дуртай дуу...

...  Асгараад алганд ус тогтохгүй нь ээ

     Алтан элс хуруун завсараар урсах нь ээ

    Амьдарч хайрлаад дурлалын дууг мартах нь ээ

   Аяархан холдсоор он жилүүд урсана...

  Тиймээ он жилүүд урсана. Эргээд уулзахгүй итгэлт андыгаа дурсахуйхуяа зүрхний аглагт зөөлөн бороо уйтайяа шивэрнэ...

             Ангийн анд А.Наранболд нь. 2014.11.25