Гурвалж тулсан авьяас буюу зуун дамжих туурвил Дагийранз

     “...-Өрөөндөө сууж байтал гэнэт их хөлийн чимээ гарч, Сандуйжав золиг чинь хар эрчээрээ шуугиж орж ирээд юу юугүй харцагдаж өргөөд диван дээр тавьчихдаг байгаа. Бөөн баяр аа.

   –   Үгүй миний дууг яасан сайхан оруулаа вэ. Жилд нэг тэвш нүүрс авч байгаарай гээд л...Би юу боллоо гэж ажлаа хийчихээд илүү харж, хүнээр нүүрс зөөлгөж байх вэ дээ...” Н.Дагийранз гуай яг ингэж хуучилсан. Түүний өгүүлэн буй энэ хором бол Монголын кино урлагийн түүхэнд эр хүний чимэг дүр болж дархлагдсан “Тунгалаг тамир”-ийн “Цахиур Төмөр”-ийг амьдруулагчид уран бүтээлийнхээ ард гараад анх удаа уулзаж буй түүхэн, алтан мөч юм.

   Цахиур Төмөр...  Бүх цаг үеийн Монгол хүн бүрийн нүд, сэтгэл хоёрт Монгол эр хүний бахдал, дуурайл болж мөнхөрсөн үнэхээрийн дахин давтагдашгүй уртай, хийцтэй дүр. Сайн эрийн цээжнээс чухам ийм л нургисан, аргил дуу хоолой гарна даа гэтэл энэ дүрийг авиалан амилуулсан хүн бол Нямын Дагийранз гуай билээ. Алтан үеийнхний төлөөлөл болж, одоо цагт бидний дунд эгэл даруухны биеллийг үзүүлэн амьдарч асан энэхүү буянт бууралтай уулзаж, мөнөөх л эгэл жирийний тухай хуучилна гэж итгэмгүй, ер бусын гайхамшигт хоолойгоор нь намтар түүхээс нь хальтхан сонсох азтай завшаан олдсон тэр үе бол 2007 он байлаа. Эрдэнэт хотноо Ерөөлч, магтаалч хүүхдүүдийн улсын уралдаан зохиогдож, энэхүү кино урлагийн жинхэнэ од-буурайг Булган нутгаас хүндэт зочноор залан авчираад байсан цаг. Дуу хуурын өлгий - Дундговиос гарвалтай авиа хөрүүлэгч - жүжигчин буурай маань бас л яаруу ажилтай, дал хол гарсан ч кино урлагтаа үнэнч зүтгэсэн хэвээрээ байсан. Улсын уралдаан дөнгөж дуусангуут л “Үхэж үл болно-Чингис хаан” туульсын уран сайхны киноны зураг авалтад оролцохоор хөдөлсөн билээ. Кино урлагийн алтан үеийнхний амьд төлөөлөл, ахин давтагдашгүй дуу хоолойны эзнээс бүр ихийг сонсох гэсэн хүсэл минь ингээд биелээгүй. Гэхдээ “Үхэж үл болно - Чингис хаан” уран сайхны киноны эхлэл хэсэгт хуураа татаад тууль хайлж байгааг нь үзэх бүртээ энэ мөчөөс нь жаахан өмнө өөртэй нь биечлэн уулзаж, дурсамж яриаг нь дутуу ч гэлээ сонссон доо гэж бодохоор тэрүүхэн тэндээ бахархах сэтгэл төрдөгийг нуух юун.

   Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн Н.Дагийранз гуай Өөш манхны говь, Хонгор хайрхнаар нутагтай ахан дүүсийнхээ дунд бурхан багш, буянт буурлуудынхаа заяасан авьяасаар дуулж, хуурдаж өссөн хүн би, заяа минь угаасаа хэлтгий байх учиргүй байсан гэж бардамхан өгүүлсэн сэн. Үнэхээр ч тэрбээр яахын аргагүй босоо хийморьтой Монгол эр хүн байлаа. Цэргийн алба хааж ирээд 1957 онд аймгийнхаа клубт ажилд орсон нь алтан тайз, кино урлаг нэгэн “шижир алт”-аар өнгө нэмэхийн эхлэл байж. Удалгүй клуб нь соёлын ордон болж, соёл урлагийн салбар өргөжин дэвжихийн хэрээр Н.Дагийранз гуайд ч илүү их боломж, илүү өргөн цараа тавигджээ. Монголын залуучууд, оюутны анхдугаар их наадамд аймгаа төлөөлөн оролцож, алтан медалиар энгэрээ мялаасан нь авьяас, урмыг нь тэтгэсэн эхний тохиол байлаа. Ингээд тайзны анхны дүрээ авч “Дэнлүүний баяр” жүжгийн сохор Яматогийн дүрийг бүтээсэн нь найруулагч болоод үзэгчдээс өндөр үнэлгээ авсан байна. Аймгийнхаа театрт долоон жил концерт, жүжигт тоглож, говь нутагтаа соёлын үрийг тарьж асан тэрбээр чухам энэ үеэ авьяас чадвараа ирлэж, хурцалсан үнэтэй цаг мөч гэж хайрлан дурсдаг байв. 1964 онд кино үйлдвэрт ирснээр говь нутгийн эгэлгүй авьяастай хүүг кино урлаг овоглон өмчлөх боллоо. Киноны Дагийранз “Тус биш ус”, “Агуйн нууц”, “Саруул талын цуурай”, “Хонины найр”, “Хонины найр”, “Хоньчин Найдан”, “Уул усны үр сад”, “Бүлээн нурам”, “Хил дээр”, “Хүний мөр”, “Гарьд магнай”, “Сахиус уу, сахиул уу” зэрэг 30 гаруй кинонд дүр бүтээжээ.

  “ - Дүр бүтээнэ гэдэг цоо шинэ хүнийг амьдруулж байна гэсэн үг. Тэгэхээр хүнийг яаж хүн болгодог вэ түүн шиг л дүрдээ хандах хэрэгтэй. Ер нь хүүхэд төрүүлж өсгөхтэй адилхан шүү” гэж түүний аргил хоолой нургисан сан. Хэлбэрийн кино олширохын хэрээр хэлбэрдсэн, сургуулийн хүүхдүүд урлагийн үзлэгтээ гараа бүтээж байгаа мэт жүжиглэлт, жүжигчин хоёр газар авсан өнөө цагт санахад илүүдэхгүй сургааль энэ. Н.Дагийранз гуай ухаан бодол, урлах арга дүйгээрээ өлгийдөж авсан дүр бүртээ хайртай байлаа. Тэдгээрийн дундаас “Хонины найр” киноны бригадын дарга Бадарчийн дүр олон түмний яриа, үнэлгээгээр бол овоо болчихсон юм шиг санагддаг гэсэн сэн. Амьдрал дээрх Дагийранзаас хол зөрсөн, чухам л шинэ хүн төрүүлж, амилуулсан дүрүүд бол “Бүлээн нурам” киноны эцэг, “Уул усны үр сад” киноны баян Жунай. Эдгээр дүрийг тэрбээр их шахуулж, ёстой л тарчилж бүтээсэн гэдэг. Кино зохиолд жүжигчин ямар зүйл үйлдэж хийх, түүгээрээ ямар утга санааг харуулахаар орсон байна, түүнийг ёсоор болгох учиртай байдаг хойно. Тэр ёсоор л болгож. Гэхдээ “Уул усны үр сад” киноны баян Жунай эмэгтэй хүнд “– Чи нойтон сормуустай амьтан гаргаагүй, хормойн бузар шингэсэн эм” гэж хэлдэг хэсгийг чухам л чадан ядан бүтээжээ. “ - Зохиол нь тийм болохоор зөрөх аргагүй. Эх хүн, эмэгтэй хүнд хандаж тийм үг хэлнэ гэдэг хэдий кино байлаа ч бардаг ажил биш юм билээ. Нэлээд зүдэрч байж, энэ бол миний үг биш зохиолын үг шүү гэж бодоод нэг юм хэлчихээ аядсан.” Н.Дагийранз гуай амь ахуйдаа яг л ингэж хуучилсан. Тэрбээр ийм л ариун, тос даасан сэтгэлтэн байлаа.

   Тал шигээ цэлийж, уулс шигээ ханхайх Монголын хөх өвгөдийн бодит биелэл байв, тэр. Түүний дүр бүтээж амьдруулсан киноноос гадна бурханаас заяасан дуу хоолойгоороо чимсэн бүтээл Монголын кино санд 200 шахам бий. “Үер”-ийн Михайл өвгөн, “Тунгалаг Тамир”-ын Цахиур Төмөр гээд үзэгчдийн сэтгэлд дуу хоолойгоороо хадагдсан гайхамшигтай дүрүүд бол яах аргагүй Н.Дагийранз гуайн дахин давтагдашгүй гэж тодорхойлж болохуйц бүтээлүүд. Тухайн үеийн Монголын дэлгэцнээ дуун хөрвүүлгээр гарч байсан гадны кинонуудын генерал, сайд, дарга, аав, өвөө нар мөн л Н.Дагийранз гуайн хоолойгоор үзэгч түмэнтэй мэндэлдэг, сэтгэл зүрхэнд нь хүрдэг байсан. Мартахын аргагүй.

   Түүний тулгын гурван авьяасын нэг бол морин хуурын аялгуунд тууль, ерөөл хайлах байв. Монголын залуучуудын их наадмын тайзан дээрээс 1959 онд эгшиглүүлж, алтан медаль авсан “Хөхөө Намжилын домог”, 1962 онд мөн тэргүүн байранд шалгарсан “Уулган шарын домог”-ууд нь эдүгээ Монголын радиогийн алтан сан хөмрөгийн үнэт эрдэнэсүүд болжээ. Тэрбээр бурханы оронд мөнхрөх хүртлээ тууль, домогоо хайлсаар, өргөн олныхоо сэтгэлийн утсыг хөглөсөөр байсан.

   Киноны, дуун хөрвүүлэгчийн, ерөөлч магтаалчийн гэх нэгэн биед ховор цогцлох тулгийн гурван авьяасыг тулсан Н.Дагийранз гуай тэнгэрийн харьяат болоод удаагүй байна. Төрийн хишиг эзнээ олж, эгэлээс эгэл, энгийнээс энгийн амьдарч асан энэ буурайд 83 насных нь босгон дээр “Ардын жүжигчин” хэмээх хүндтэй цолыг хүртээсэн юм.

   “Цахиур Төмөр”-ийн хийморьтой, “Михайл өвгөн”-ий сэтгэлтэй, хуур, ерөөлийн цацлагтай эрхэм буурайг зуун дамжсан бүтээл нь мөнхлөн алдаршуулах гарцаагүй.

         Л.Срона