Иргэд “паар”-аа хариуцлагатайгаар чагна...
Эрдэнэтийн иргэд “паар”-аа чагнаж байна. Дээд, доод айл нь дэндээд ирэхээр “паар”-аа нүдэж сануулгийн “моорз” өгөөд өнөөх хэд нь чагнаад байгаа хэрэг бол биш. Одоо ч угаасаа нүдэхээр, нүдээд ая даахаар ширмэн “паар”-тай айл ховордсон байх. Нүдэж болдог байлаа гээд өнөө хэд нь сонсоод аяддаг, намсдаг сайхан цаг дуусаа биз. Одоо иргэд маань “паар”-аа огт өөрөөр чагнаж байна. Халж байна уу, хөрч байна уу, дулаацуулж байна уу, дааруулж байна уу гээд. Хүйтрэхээр халаалтаа нэмээч гээд, халахаар халаалтаа багасгаач гээд байгаа нь ердөө үүний үр дүн л дээ. Одоо ч эргэлт буцалтгүйгээр хүйтэрч, хөр цас, хөлдүү зам эхэлж байгаа учраас “Халаалт багасга аа” гэх тэнэг гарахгүй. Харин нэмээч ээ хөлдөж үхлээ гэсэн гомдлоор цахим орчны зарын группүүдийг дарж байна. Ингээд иргэдээ “чагнасан” аймгийн удирдлага асуудлыг шуурхай зөвөлгөөн дээр асуудлыг дэвшүүлэн тавьсан. Жилийн жилд халаалтын хамаг бурууг өөртөө авдаг “Эрдэнэт ус” энэ удаад өөр тайлбар өгчээ. Өөрөөр хэлбэл тэд халаадаггүй дамжуулдаг, халаалалт цаанаасаа стандартын бус байгааг учирласан аж. Эрдэнэтийн дулааны цахилгаан станцаас ирэх градус нь 77, буцах нь 56 хэм байгаа гэнэ. Уг нь 85-88 хэм ирж байх учиртай юмсанж. Налгар намарт болоод хэт халаад байна аа гэсэн иргэдийн гомдолд тааруулаад хоёр зуух галлаж байгаа Дулааны цахилгаан станц хамаг бурууг үүрэх тал руугаа ороод явчихав. Ядаж тухайн байгууллагын төлөөлөл шуурхай зөвөлгөөнд ирсэнгүй. Аймгийн Засаг дарга Д.Батлут иргэдээ дулаан байлгах үүргээ төр өөрийн талаасаа асуудалгүй биелүүл, харин иргэд бас зэвэрч бөглөрсөн паараа солих, дулаалгаа сайжруулах зэрэг өөрсдийн талын нөхцлөө сайтар бүрдүүлэхэд анхаар, үүнд нь “Эрдэнэт ус” мэргэжлийн тусламж үзүүл хэмээн тодорхой үүрэг даалгаврыг өглөө. Одооноос эхлээд иргэд хариуцлагатайгаар “паар”-аа чагнаж эхлэх нь...
С.ДАВАА