Арслан Гумилевийн үнэн

   “-Би бүхий л амьдралаа Монголчуудыг доромжлол гүтгэлгээс хамгаалахад зориуллаа” гэж асан Арслан /Лев/ Гумилев нь Оросын суут найрагч Анна Ахматова, Николай Гумилев нарын гэр бүлд мэндэлсэн. Тэрбээр түүхийн бодит үнэнийг өгүүлж байсан учраас зөвхөн “Зөвлөлтийн заан”-ыг томоор харагдуулах хүсэлтэй Сталин болон түүний залгамжлагчдын “нүдэнд орсон хог, шүдэнд хавчуулсан мах” байлаа. Тиймээс ч Гумилев дөрвөн удаа шоронд хоригдож байжээ. Тэрээр бүхий л амьдралаа төрөл бүрийн хяхалт, хавчлага амсч, байнгийн дарамт дор өнгөрүүлсэн. Гэвч энэ суут хүн түүхийг “эдүгээчилэгч”-дын нөлөөнд автаж, бодит үнэнээс ухраагүй юм.

  “-Монголчуудыг би өмөөрөөгүй. Тэд чинь угаасаа хүнээр өмөөрүүлэхээр ч түүхтэй улс биш” гэж асан тэрбээр ялагдлын доромжлол амссан улсуудийн хонзонгоор зохиогдсон Монголын тухай хар домгийн өөдөөс цагаан үнэнийг түлхсэн билээ. Тэр үед зөвхөн орос орноор зогсохгүй, Монголчуудад дийлдэн дарагдаж байсан улс гүрэн бүр бөөстэй, харгис, юу ч бүтээж чаддаггүй, зөвхөн аллага дээрмээр гол зогоодог нүүдэлчин “мангас”-ын тухай өгүүлэмжийг буй болгоод байлаа. Гумилев үүний эсрэг өндөр соёжсон, хүн ам, цэрэг зэвсгийн хувьд шалгарсан байсан гэх улсууд яагаад цөөхөн дээрэмчдэд ялагдах болов? Монголчууд эдгээр соёлт, хүчирхэг гүрнүүдийг балмадаар дайрч, гамшиг учруулах хэмжээний хүн хүчтэй байсан уу? гэсэн асуултыг гаргаж тавьсан юм. Тухайн үед Монголын эзэнт гүрний хүн амын тоо 700 орчим мянга байхад лалын шашинт улсууд болон европын орнуудын зөвхөн байнгийн цэрэг нь л сая саяар тоологдож байв. Монголчуудын тулааны нэг фронт болж байсан хятад л гэхэд 80 сая хүнтэй, хэдэн сая цэрэгтэй байлаа. Монголчууд хар бараанаар дүрслэгдсэн тэр цаг үедээ ийм асар их хүчний эсрэг гурван фронт дээр зэрэг туйлын амжилттай тулалдсан байдаг.

  Өндөр хөгжлөө үлэмж давуу хүчээрээ хамгаалж чадаагүй нь бодит байдал өөр байсны гэрч гэж эрдэмтэн үзсэн юм. Үнэхээр ч одоо цаг дээр харахад Монгол шиг жижигхэн, хөгжил буурай улс хүчирхэг, хөгжилтэй Орос, АНУ мэтийн гүрэн рүү дээрэм хийхээр зэрэг зэрэг дайраад бүгдийг нь ялна гэдэг юу л бол. Тэгэхээр тухайн цаг үед цөөхөн Монголчууд хүн хүчний олонд дулдуйдсан, өөрсдийгөө өндөр хөгжилтэй гэж итгэсэн тэдгээр улсуудаас илүү хөгжилтэй байжээ. Тэгж гэмээнэ л энэхүү хүн хүчний хол зөрүүг давж чадах юм. Ингээд цөөхөн бүдүүлэг нүүдэлчдэд дийлдсэн атлаа өөрсдийгөө дэвшилтэт технологитой, өндөр хөгжилтэй гэж өргөмжлөх нь үнэнд нийцэхээ байж эхэлжээ. Ийнхүү “Хар домог”-ын суурь ганхаж эхэлсэн юм...

   ”-Хэрвээ Алтан ордын Монгол дайчид байгаагүй бол оросууд польш, герман, литвийн дайралт болон загалмайтны аян дайны хөлд үрэгдэх байсан” гэж Гумилев бичиглэж үлдээжээ. Үүгээрээ тэрбээр Орос орон ч өөрөө Монголчуудын бүтээл гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Л.Гумилев 1992 онд нарт ертөнцөөс буцсан билээ...”Монголчууд үндэстэнийхээ хувьд одоо 400 жил л насална” гэж энэхүү түүхч, угсаатан судлаач эрдэмтэн хэлсэн гэдэг.

   Тайлбар нэхсээр байгаа түүний энэ үг өдгөөгийн зарим үзэгдлийн тайлбар ч байж болох...

     Л.Срона.2014.08.17